Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-5°C
Эдийн засаг
71 мянган иргэн, аж ахуйн нэгжийг өршөөнө
2021-05-29 12:29     426
 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч  О.Амартүвшин нар болон бизнес эрхлэгчид оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, "УИХ-аас бизнес эрхлэгч нарт саад тотгор болж, хүндрэл үүсгэж буй асуудлын гарц шийдлийг олох, бизнесийн таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Анхаарах хамгийн чухал асуудал бол бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтад  орж, санал бодлоо нэгтгэн төр хувийн хэвшлийн үр дүнтэй хэлэлцлийн механизмыг хөгжүүлэх нь чухал юм.

Цаашид бизнесийн орчныг улам боловсронгуй болгоход төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, нэгдэл ойлголцол нэн чухал бөгөөд үүнд МҮХАҮТ-ын үүрэг оролцоо чухал. Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Өнөрболор нарын гишүүд өргөн барилаа. Энэ хуулийг Улсын Их Хурал хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргах болно. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж гэж байна.

2021 оныг нэг талаас цар тахлын нөлөөгөөр хүнд байдалд орсон бизнес, эдийн засгийг сэргээх чухал цаг үе, нөгөө талаас  төр засаг-бизнесийнхний итгэлцэл ойлголцлыг шинэ шатанд гаргах цэг, улмаар Эдийн засгийн Их сэргэлтийг эхлүүлэх гараа гэж харж байна. Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төсөлд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан. Цаашдаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай ажиллах чиглэл рүү явах ёстой. Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийг УИХ-ын даргын дэргэд байгуулахаар болсон. Цар тахлаас болж дэлхийн олон улсад хатуу хөл хорио тогтоосны нэг нь манай улс. Цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас гаргах, их сэргэлтийн бодлогыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлж байгаа. Өнөөдөр Монголбанкны удирдлагуудтай ярилцаж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган (2021.05.01-ний өдрийн байдлаар) иргэний муу /хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй/ зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгож байна. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм” хэмээн онцолсон юм.

Зээлийн мэдээлэл гэдэг нь зээлдэгчийн зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл юм. Харин зээлийн мэдээллийн сан гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу нийлүүлсэн зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон бусад төлбөрийн мэдээллийг агуулж буй Монголбанкны зээлийн мэдээллийн нэгдсэн сан гэж ойлгож болно. Харин зээл болон төлбөр нь төлөгдөж дууссан эсэх мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш 6 жилийн хугацаанд хадгалагддаг.

Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65.105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428  аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотголоо.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас дэлхий дахины болон Монгол Улсын эдийн засаг том сорилттой тулгарсан. Цар тахлын халдвараар дэлхий даяар нийт 168 сая хүн өвчилж, 3.4 сая хүн нас барсан бол манай улсад 53 мянган хүн халдвар авч, 250 гаруй хүн нас барсан харамсалтай тоон үзүүлэлт байна. Эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас дэлхийн эдийн засаг 3.3 хувь, өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засаг 4.7 хувь, хөгжиж буй орнуудын эдийн засаг 2.2 хувиар тус тус буурсан. Монгол Улсын эдийн засагт ч цар тахлын нөлөөлөл бий болж, өдгөө 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2020 оны эдийн засгийн салбаруудын өсөлтийг 2019 онтой харьцуулахад уул уурхайн олборлолт, бөөний болон жижиглэнгийн худалдааны үзүүлэлт буурсан ч хөдөө аж ахуйн салбар 11 хувь, боловсруулах үйлдвэрийн салбар 12 хувиар өссөн байна.

Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгдсэн. Иймээс Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ тэмдэглэлээ.

2020-2024 онд Монгол Улс ний 14.9 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Үүнээс 2021 онд 1 тэрбум 690 сая, 2022 онд 2 тэрбум 666 сая, 2023 онд 5 тэрбум 600 сая, 2024 онд 2 тэрбум 590 сая ам.долларыг төлнө. Эдийн засгийн энэ том сорилтыг даах гол хүч нь баялаг бүтээгчид, үйлдвэрлэл, бизнесийн салбарынхан. Төр засгаас үйлдвэрлэл-бизнесийг бүх талаар дэмжих, саад бэрхшээлийг арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, төр-хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хүчээ нэгтгэн, хамтран ажиллаж байж сорилтыг даван туулна гэдэгтээ бизнесийн төлөөлөл санал нэгдэж байлаа. Харин эдийн засгийн их сэргэлтийг авчрах хөгжлийн оновчтой бодлого, тогтвортой төр байх учиртайг тэд хэлсэн.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хөгжлийн бодлого урт хугацаандаа тогтвортой байх зохицуулалтыг тусгасан. Иймээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулна гэдгээ УИХ-ын дарга хэллээ. УИХ-ын зүгээс дэлхийн улс орнуудын хөгжлийн үндсэн 4 загвараас Азийн загвар буюу Япон загварыг Монголын онцлогт нийцнэ гэж үзэж, ажлын хэсэг байгуулан судалгааны ажлаа эхлүүлээд байгаа юм.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар оролцож, Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх гэж байгаа томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшил, үндэсний компаниудын оролцооны талаар саналаа илэрхийллээ.

Нийт хүн ам, бизнес эрхлэгчдийн дийлэнх хувь нь нийслэл хотод төвлөрч байгаа учраас Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог УИХ-аас байгуулсан. Энэхүү хороо нь баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого гаргахын зэрэгцээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хариуцан ажиллах юм.

Мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төр, засгаас бизнес эрхлэгчдэд цар тахлын үед үзүүлсэн дэмжлэг, үйл ажиллагааг танилцуулсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын хөгжлийн загвар тууштай, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц бизнесийг хөгжүүлэхийг зорьж байгаа талаар мэдээлэл хийлээ.

МҮХАҮТ-аас эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг гаргаж, “Эзэн 900” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар саналаа танилцуулав. Цар тахлын дараах эдийн засгаа сэргээхийн тулд аж ахуйн нэгжүүдэд гарааны тэгш боломж олгоход төрөөс хувийн хэвшилтэй хамтран шаардлагатай талаар хэллээ. Өнгөрөгч 4 дүгээр сард Oxford Martin-аас гаргасан Хатуу хөл хорионы индексээр манай улс 96.3 хувьтайгаар дэлхийд тэргүүлжээ.

Бизнесийн салбарт 1990 оноос хойш тохиолдсон хамгийн том эдийн засгийн хямрал болж, 548 мянган ажлын байр хямралд гүнзгий өртсөн. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон болохыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ. Мөн бизнесийн итгэлийн индексийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжүүдийн 45 хувь нь банкнаас зээл авах боломж, санхүүгийн төлбөрийн чадваргүй болсон, 43 хувь нь эдийн засгийн эрэлт худалдан авах чадваргүй болсон, 39 хувь нь тодорхой бус бизнес, эдийн засгийн орчин ойлгомжгүй, уялдаа холбоогүй хууль тогтоомжуудаас болж бэрхшээл тулгарч байгаа гэсэн үзүүлэлт гарчээ.

Иймээс хувийн хэвшлийг дэмжиж, Эрчимтэй хөгжлийн экспортыг дэмжих “Эзэн 900” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал 2025 онд гэсэн ДНБ-ий хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэдгийг ч тэрбээр танилцуулгадаа онцлов.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрсдийн салбарын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар саналаа хуваалцлаа. Тухайлбал, МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөлийн дарга С.Сайнбат худалдааны салбарын эрх зүйн орчны талаар, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил тээвэр ложистикийн салбарын тулгамдсан асуудлаар, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд цар тахлын нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн аялал жуулчлалын салбарыг сэргээх шаардлага, төрийн дэмжлэгийн талаар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах асуудлаар тус тус мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр, засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, халамжаас бүтээмж рүү шилжсэн, "Ковид-19" цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Ингээд уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдээс гаргасан санал санаачилга нэгтгэсэн төсөл, хөтөлбөрөө УИХ-ын даргад хүлээлгэн өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.