Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Нийгэм
З.Батбаяр: Унгар улсаас нийт ₮4.6 тэрбумын үнэтэй 33 ширхэг амьсгалын аппарат тун удахгүй Монголд ирэх нь
2021-07-15 16:00     305

Унгар Улсын Засгийн газар Монгол Улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэхээр болсон тухай Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

 

Тэрбээр "Баярт мэдээ.

Өнөөдрийг хүртэл олон л хурал зөвлөгөөний шийдвэрийг хүлээж догдолж явсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ингэтлээ холоос, ийм их цагийн зөрүүтэй хүлээж үзсэнгүй.

Унгар улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Элчин сайдын хүсэлтээр Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэх тухай шийдвэрийг гаргалаа. Ийнхүү аймаг бүрийн эмнэлэгт 1, дүүрэг бүрийн эмнэлэгт 1, бусад эмнэлэгт гурав гэж тооцоолсны дагуу 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол Улсад ирэх нь. 

Хэдэн хоногийн өмнө амьсгалын аппарат авах боломжийн тухай ярилцлаа гэсэн пост оруулж байсныг Та бүгд санаж байгаа байх, тэгвэл тэр хүсэлтийг минь Унгарын Засгийн газар хүлээн авч, журмын дагуу Засгийн газрын хуралдааны шийдвэрээ гаргалаа.

Зах зээл дээр нэг бүр нь 45,000-50,000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвар төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой юм.

Яг одоо хамгийн ихдээ хоёр долоо хоногийн дотор Монгол Улсад авчрах боломжийг бий болгохоор ярилцаж байгаа болно. Ах дүү унгарчуудын маань бэлэг хамгийн хэрэгтэй цаг үед ирж буй учраас үнэ мөнгө ярих шаардлагагүй ч гэсэн (33х50,000= 1,650,000 евро) ойролцоогоор 4.6 тэрбум төгрөгийн үнэтэй байх нь.

Хамгийн гол нь садан төрөл Унгарын ард түмний сэтгэл шингэсэн энэхүү амьсгалын аппаратууд маань олон олон Монгол хүний амь насыг аварч, олон өвчтөний зовуурийг багасгах болтугай.

Тахлын эсрэг Унгар- Монгол хамтдаа тэмцэж, хамтын хүч, харилцан итгэлцлээр тахлыг даван туулахын төлөө зүтгэцгээе.

Ах дүү Унгарын ард түмэнд, Унгарын Засгийн газарт баярлалаа" хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.