Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
14°C
Улс төр
Т.Аюурсайхан улс төрд “хөтөлж” оруулсан ахтайгаа “муудсанаа” УИХ-ын индэрээс зарлалаа
2021-07-22 13:00     324

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, УИХ-ЫН ДЭД ДАРГА Т.АЮУРСАЙХАН НАР ХАМТАРЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИЙГ МӨДХӨН “ЯВУУЛАХ” БОЛОЛТОЙ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан улс төрд анх хөтлөн оруулсан ахыгаа өчигдөр олны өмнө шүүмжлээд авлаа. Тэр “Улс орон, ард түмэн хохирсон байхад нэгэн үе төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн Оюутолгойгоос ашиг, орлого олоод явж байж таарахгүй. Оюутолгойн ТУЗ-өөс Н.Багабанди гуайг нэн даруй гаргах шаардлагатай” хэмээв. Түүнчлэн “Хэрэг эрхлэх газрын даргыг дарамтлаад ТУЗ-д үлдсэн, одоо Улсын Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй” хэмээсэн нь Ерөнхий сайдын тамгаа гардаж аваад байгаа Л.Оюун-Эрдэнэд хэлсэн үг байлаа. Учир нь өнгөрсөн аравдугаар сард Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлж ажилладаг гурван гишүүнийг солих тухай асуудал яригдсан. Тухайн үед Н.Багабандийг авч үлдээд, бусад гишүүнийг сольсон байдаг. Ерөнхийлөгч асан Н.Баганбанди 2016 оноос Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байгаа бөгөөд жилийн 100 мянган ам.долларын цалин, хангамж авдаг гэх мэдээлэл бий. Харин өнгөрсөн намар ТУЗ-ийн гишүүдийг солих үеэр Н.Багабанди тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг “дарамталж”, ТУЗ-д үлдсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн ТУЗ-ийн нэг гишүүнийг солино” гэдгээ өчигдөр хэллээ.

Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс явуулах ажлыг Парламентын зүгээс бүх талаар дэмжиж оролцоно хэмээн тодотгож байгаа нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргын албыг хашиж буйтай холбоотой юм. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нар хамтарч, Ерөнхийлөгч асан Н.Багабандийг мөдхөн “явуулах” бололтой. Т.Аюурсайханыг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслах, зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг. Өөрөө хүлээн зөвшөөрдөг ч “Би цүнх барьж, цай зөөж байгаагүй” хэмээн “Хас”-ын Ч.Ганхуягтай маргаж байсан билээ. Түүнийг улс төрд “хөтөлж” оруулж ирсэн хүн бол яалт ч үгүй Н.Баганбанди. Түүнээс хойш МАН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлж, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргаас УИХ-ын дэд дарга болтлоо дэвшжээ.2017 онд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхэд авч өгөх “ажиллагаа”-г эхлүүлж, цаашлаад УИХ-ын дарга М.Энхболдыг улс төрөөс бүр мөсөн явуулах жагсаалыг зоригтой зохион байгуулалцсаны ард Н.Багабанди байсан гэлцдэг. Хэр баргийн улс төрийн үйл ажиллагаанд оролцоод, олны нүдэнд өртөөд байдаггүй Ерөнхийлөгч асан Н.Багабанди тухайн үед У.Хүрэлсүхийг магтаж байсан нь хэвлэлийн хуудаснаа бий. Тэрбээр энэ оноогоо өөртөө ашигтай байдлаар эргүүлсэн тал ч бий. Өнгөрсөн намар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих сургаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг “тойглож” явсаар үлдсэн гэх яриа ч бий. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар “Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-д үлдсэн бол энэ ялзарсан систем” гээд “Найман жил төрийн тэргүүнээр ажилласан хүн ёс зүйтэй байхыг сануулж байсан” билээ.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан болон О.Магнай нар ээлж, дараалан мэдээлэл хийж, харилцан шүүхэд хандахаа мэдэгдэж байв. Тухайн үед О.Магнай “Т.Аюурсайхан, Н.Багабанди нар нэг хэтэвчтэй, олигарх бүлэглэл” хэмээн хэвлэлийн хурал хийж байсан билээ. Нэгэн үе тэд ах дүү шиг явсан нь үнэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар дамжуулж Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Эрдэнэс Тавантолгой”-д хүртэл нөлөө бүхий оролцдог байсан гэлцдэг. Гэтэл өнөөдөр дүү нь ахыгаа Оюутолгойгоос “явуулах” хэмжээнд хүртэл муудах болсон шалтгаан юу байв. Түүнийг Оюутолгойгоос явуулах саналыг удаа дараа хэлж байгаа гэхээр Т.Аюурсайханы “гомдол” эртнээс эхэлсэн бололтой.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.