Өнөөдөр
2024/03/28
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-3°C
Улс төр
Ардчиллын анхны жагсаал энэ өдөр Эрдэнэт хотод болжээ
2021-12-03 22:15     274

1990 оны анхны ардчилсан хөдөлгөөний жагсаалыг 12 дугаар сарын 09-ний өдөр Залуучуудын соёлын төвийн үүдэнд олон мянган хүн цугларснаар гэдгийг хүмүүс мэддэг. Гэтэл үнэндээ Монгол Улсын анхны ардчилсан хөдөлгөөний анхны жагсаал 12 дугаар сарын 03-нд Эрдэнэт хотод болсон билээ. Эрдэнэтийн ардчиллын анхны хараацайнууд, ардчиллын партизануудын олонхи нь түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг, урлагийнхан, соёлын ордны театрын уран бүтээлчид, яруу найрагчид, хөбүрийнгжмийн зохиолчид, зураачид байжээ. Эдгээр залуус Эв нэгтний холбоо буюу “ЭНХ” нэртэй маш хүчирхэг улс төрийн нууц бүлгэм байгуулж, ухуулга сурталчилгаа их хүчтэй явуулж байлаа. Тэд ухуулах хуудас наах, уулзалт хийх ажлаа 1989 оны эхээр эхэлсэн байна. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагсдын цалин өндөр, сэхээтнүүдийн бөөгнөрөл Эрдэнэтэд байлаа. Сонгогчид нь мэдээлэл сайтай, ардчилсан үйл явцыг сайн мэдэж, Оростой хамтарсан байгууллагад ажиллаж байсан учраас хойно болж байсан престройкаг /өөрчлөлт шинэчлэлт/ оросуудын түвшинд хүлээж авч ойлгодог байв.

Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны арван хоёрдугаар сарын 3-нд “Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм. Тус цуглаанаас МАХН-ын Төв Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлж байжээ. Үүнд нэгдүгээрт, улс орныг удирдан жолоодох чадваргүй болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, хоёрдугаарт Эрдэнэт, Мардай, Заамар зэрэг уул уурхайн орд газрыг зөвхөн монголчууд эзэмшиж ашиглах, гуравдугаарт Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах шаардлагыг хүргүүлсэн байна.

Эрдэнэтийнхэн илүү эрт ардчиллын хөрс суурь нь бэлтгэгдсэн, тийм учраас 1990 оны анхны ардчилсан сонгуульд Эрдэнэтийнхэн 51,6 хувийн өндөр амжилт үзүүлсэн юм. Тухайн үеийн сонгуульд хоёр хуудас дугуйлдаг, нэг нь нэр дэвшигчийг, нөгөө нь намыг дугуйлна. Улс төрийн шинэ ардчилсан хүчнийг эрдэнэтийнхэн 51,6 хувь дэмжиж хуучин 70 жил эрх барьсан МАХН-ыг ялж байсан. Тэр үед Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны даргаар Данзанбалжирын Энхтайван, Ардчилсан намын дарга нь Луузангийн Лувсан-Очир ажиллаж байлаа. Анхны намуудын төлөөх санал хураалтаар 51,6 хувийн санал аваад ялчихсан мөртлөө дахин сонгууль явах тойрог байсан юм. Тэр тойргуудад дахин сонгууль болж, Ардчилсан холбооны дарга Д.Энхтайван Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зориуд авчран нэр дэвшүүлж, улмаар ялалт байгуулжээ. Эрдэнэтэд 1990 оны анхны ардчилсан сонгууль болоход ялах хөрс суурийг 1989 онд анхны партизанууд ийнхүү бэлдчихсэн байлаа. Уран бүтээлчид аливаа зүйлд сэтгэлээсээ хандаж, тэд зөв сайхан, шударга нийгмийг хүсч байв. Тийм учраас залуучуудын эх орноо гэсэн дэврүүн хүсэл мөрөөдлөөр шударга ёсыг тогтоож чадах хүнийг олж гаргая, үүний төлөө сөхөрч унатлаа зүтгэе гээд тэмцэж энэ хүмүүсийг гаргаж ирж чадсан. Сонгогчид нь өөр, нам нь өөр, сонгуулийг удирдан зохион байгуулж байсан хүмүүсийн сэтгэхүй нь өөр, өөрийгөө гэхээсээ илүү Монгол улсынхаа төлөө хэн биднээс илүү юм хийж чадах вэ гэсэн хүнийг сонгохыг зорьж байсныг өнөөдрийн түүхэн өдөр гэрчилж байна.

Эх сурвалж: zaluu.com

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.