Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Эрүүл мэнд
З.Балдандугар: Вакцин тариулаагүй бага насныхан омикроны давлагаанд өртөх эрсдэл илүү байна
2022-01-15 14:56     411

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас манай улсад цар тахлын омикрон хувилбарын давлагаа эхэлсэн гэдгийг албан ёсоор зарласан. Мөн сүүлийн үед өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж, үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбарынхны ачаалал ихэссэн гэдгийг албаныхан хэлж байна. Иймээс дүүргийн хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугараас тодрууллаа.

-ЭМЯ-аас цар тахлын омикрон хувилбар манай улсад тархсан гэдгийг албан ёсоор мэдээлсэн. Баянгол дүүргийн хэмжээд нөхцөл байдал ямар байна вэ?  

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүл арванхоёрдугаар сарын эхээр бүртгэгдэх халдварын тоо харьцангуй бага байсан. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн бүртгэгдэх тохиолдлын тоо эрс нэмэгдлээ. Монгол Улсад омикрон халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн гэдгийг ЭМЯ-аас зарлалаа. Цар тахлын омикрон хувилбар нь нөхцөл байдлын хувьд дельта хувилбараас  3-5 дахин хурдан тархдаг. Манай дүүргийн хувьд өмнөх оны арванхоёрдугаар сард өдөртөө 40-50 тохиолдол бүртгэгдэж байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд дүүргийн хэмжээнд өдөртөө 700-800 тохиолдол бүртгэгдэж байна. Өнөөдөр манай дүүрэгт бүртгэгдэж байгаа тохиолдол бол зөвхөн ПСР биш түргэвчилсэн шинжилгээгээр илэрсэн тохиолдлын тоог нэмээд шүү. Бид өөрсөд дээр байгаа статистик мэдээнээс харахад ийм байна. Нөгөө талаар энэ нь цаанаа маш том эрсдэлийг дагуулж байна гэсэн үг.

-Аль насныхан илүүтэй халдварт өртөж байна вэ?

-Халдвар авсан хүмүүсийг насны байдлаар ангиллаар нь авч үзвэл вакцин тариулаагүй бага насны буюу 0-11 насны хүүхдүүд байна. Халдвар авсан зургаан хүний тав нь хүүхэд байна. Мөн жирэмсэн эхчүүд болон суурь, өвчтэй зорилтод бүлгийн хүмүүс дахиад эрсдэлд ороод эхэллээ. Эдгээр хүмүүс халдвар авсан бол хүндрэл үүсэхээс сэргийлэх ёстой. Халдвар авсан л бол тусгаарлах, эмчлэх ёстой. Ийм зорилготой ажиллаж байна. Хүүхэд хамгийн их хөдөлгөөнтэй, халдвар дамжуулах эрсдэлтэй. Гэхдээ халдварыг хүүхдүүд тарааж байна уу гэвэл үгүй. Эцэг эхчүүд, залуучууд тарааж байна.   

-Баянгол дүүргийн хувьд дархлаажуулалтын 3 дугаар тун буюу нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулж 60-аас дээш хувьд хүргэсэн. Гэвч сүүлийн үед нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвх буурсан гэх мэдээлэл байна. Та бүхний харж байгаагаар шалтгаан нөхцөл нь юу байна вэ? 

-Манай дүүргийн хувьд 25 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд бүүстер тун хийж байна. Хоёрдугаар сарын 10 гэхэд омикроны халдвар дээд түвшинд хүрнэ. Өмнө нь дельта хувилбараар 90 мянган хүн өвчилнө гэсэн прогнозыг гаргаж байсан. 100 мянгад хүрсэн. Одоо омикроноор 300-400 мянган хүн өвчилнө гэсэн прогноз гарсан. Иймд иргэд 3 дахь тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна. Иймд иргэд дархлаажуулалтын 2, 3 дугаар тундаа хамрагдаад гурван сар болсон бол халдвар аваад эдгэрээд 20 хоносон тохиолдолд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаарай. Удахгүй сар шинийн баяр болно. Хайртай гэр бүлээ хамгаалах гол арга бол дархлаажуулалт.

-Дархлаажуулалтад хамрагдах нь ямар ач тустай вэ. Зарим нь биед сөрөг нөлөө үзүүлээд байна гээд дархлаажуулалтад хамрагдах сонирхол муу байна?  

-Дархлаажуулалтад хамрагдсан иргэд халдвар авсан ч хүндрэл харьцангуй бага байна. Гэтэл нөгөө талд энэ олон хүн дунд янз бүрийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй хүмүүс бас байна. Нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад бие нь эвгүйрхсэн, эрүүл мэндийн зэрэг шалтгаалан нөхцөлөөс болоод. Гуравдугаар тунгийн хамрагдалт манай дүүрэгт 64 хувьд хүрсэн. Гэхдээ энэ тоо хоёр дугаар тунд хамрагдсан хүмүүсээс бага. Тиймээс иргэд маань хаана байгаагаас үл шалтгаалаад хамгийн ойр цэг дээр очиж дархлаажуулалтын 3,4 дүгээр тундаа хамрагдаарай гэж хүсье. Дархлаажуулалтад хамрагдах нь өөрөө ямар нэг эрдсэл үүсэх, дээрээс нь халдвар тархахаас бүрэн урьдчилан сэргийлэх ач тустай юм.

-Дүүргийн хэмжээнд орны хүрэлцээ ямар байна вэ. Мөн омикрон нь иргэдэд ямар сөрөг нөлөө үзүүлэх бол?

-Дүүргийн хэмжээнд 150 ор нэмж дэлгэсэн. Ингэснээр дүүргийн хэмжээнд 650 ор болж байна. Гэвч орны хүрэлцээ хангалтгүй байна. Хоёрдахь асуултын хувьд дельта тийм, альфа вирус нь ийм сөрөг нөлөөтэй гэдгийг бид мэддэг болсон. Тэгвэл омикрон ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг одоогоор бид хэлж чадахгүй. Өнөөдөр шинж тэмдэг илэрсэн бол эмнэлзүйгээр авч үзэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн “Ковид-19” халдварын дөрөвдүгээр давлагаа нь томуу, томуу төст өвчний идэвхжлийн үетэй давхцаж байгаа. Томуу, томуу төст өвчнөөс ялгарахгүй байна. Хүүхдүүд томуугаар өвдөж байна. Дээрээс нь ковидын халдвар авч байна. Иймд хүүхдүүд болон зорилтод бүлгийн хүмүүсийг эрсдэлд оруулахгүйн тулд бүх нийтээрээ дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдах зайлшгүй шаардлагатай байна.

-Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын явц ямар байна вэ. Тэр дундаа дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалтын явц?

-Нэгдүгээр сарын 12-ны өдрийн дархлаажуулалтын мэдээгээр 25 цэгт 1399 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Үүнээс эхний тунд 13, давтан тунд 16, гуравдугаар тунд тунд 520 харин дөрөвдүгээр тунд 850 иргэн хамрагдлаа. Сүүлийн үед бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх харьцангүй нэмэгдсэн. Дүүргийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд эхний тунд 173,551 хүн буюу 104.9 хувь, давтан тунд 164,123 хүн буюу 99.2 хувь, гуравдугаар тунд 94,259 буюу 64 хувь, дөрөвдүгээр тунд 2290 хүн буюу 1.55 хувь нь хамрагдаад байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.