Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
12°C
Чөлөөт цаг
Хосын харилцааг сүйтгэгч “дөрвөн морьтон”-г хэрхэн таних вэ?
2022-01-19 11:33     315
  1. Шүүмжлэл

Эхний морьтон бол шүүмжлэл юм. Хосоо шүүмжлэх нь гомдлоо илэрхийлэх, шүүмж хэлэхээс ялгаатай үйлдэл. Гомдлоо илэрхийлж, шүүмж хэлэх нь та хоёрын дундах тодорхой асуудал руу чиглэсэн байдаг бол шүүмжлэл нь нөгөө хүнийхээ зан чанар руу дайрч буй шууд дайралт гэдгээрээ онцлог. Үнэндээ, хосоо шүүмжлэх үедээ бид тухайн хүнийг бүхэлд нь буулган авч байдаг. Тиймээс хайртдаа гомдлоо илэрхийлэх болон түүнийг шүүмжлэх хоёрын зааг ялгааг мэддэг байх нь тун чухал. Жишээлбэл:

Гомдол: "Би чамайг оройтоод залгахгүй болохоор их айсан. Хоёулаа энэ тохиолдолд бие биедээ хэлж байна гэж тохирсон гэж бодсон юмсан."

Шүүмжлэл: ”Хийж буй үйлдэл чинь бусдад хэрхэн нөлөөлөхийг чи хэзээ ч боддоггүй. Би чамайг мартамхай гэж бодохгүй байна, чи бол зүгээр л хувиа хичээсэн нэгэн. Чи хэзээ ч бусдын тухай, миний тухай боддоггүй!"

Та хоёр дээрх жишээтэй адил бие биенээ шүүмжилдэг байлаа гээд харилцаа тань хэзээ мөдгүй сүйрэх гэж байна гэсэн үг биш л дээ. Асуудлын гол нь шүүмжлэл даамжирсаар та хоёрыг харилцаа сүйрүүлэгч дараагийн “морьтон” руу шилжүүлдэгт оршиж байгаа юм. Хайртай нэгэндээ хүлээн зөвшөөрөгдөхгүй, дайрч давшлуулах тусам бидний сэтгэл зүрх шархалж, хохирогч болон хувирдаг. Цаашлаад энэхүү нөхцөл байдал нь дайрагч, хохирогч хоёрын харилцаа руу дөхөж очих аюултай. 

  1. Зэвүүцэл

Харилцааг сүйтгэгч хоёр дахь морьтон бол “зэвүүцэл”. Бид хайртай нэгэнтэйгээ зэвүүцэл дүүрэн өнгө аясаар харьцах тоолонд үнэхээр хорон нэгэн болж хувирдаг.  Бид энэ үедээ нөгөө хүнээ үл хүндэтгэн, шоолж тохуурхахаар барахгүй элдвээр доог тохуу хийж, биеийн хэлэмжээрээ дургүйцлээ илэрхийлдэг. Харин тэрхүү  зэвүүцлийн гол бай болсон хүнд үзэн ядагдсан, ямар ч үнэ цэнэгүй нэгэн болж хувирсан мэт мэдрэмж төрдөг. Зэвүүцэл нь шүүмжлэлээс ч аюултай. Шүүмжлэл тухайн хүний зан чанар руу чиглэсэн байдаг бол зэвүүцэл нь өөрийгөө бусадтай эн тэнцэхээргүй, дорд нэгэн мэт үзэхэд хүргэдэг. Жишээлбэл: 

- "Чи ядарчихсан байгаа юм уу? Битгий усан нүдлээд байгаач.  Би өдөржин хүүхдүүдээ харж, гэрээ цэвэр цэмцгэр байлгах гэж галзуу мэт гүйж байхад чи харин  гэртээ ирсэн дариудаа буйдан дээр сууж, тэнэг тоглоом тоглохоос өөр юу хийж гийгүүлсэн юм бэ? Надад дахиж нэг хүүхэд арчлах зав алга. Хүн ер нь үүнээс илүү арчаагүй байна гэж байх уу?" 

Дээрх жишээ бол зэвүүцлээ илэрхийлж буй нэгэн хэлбэр. 

Судалгаагаар хоёр биентэйгээ зэвүүцэл дүүрэн өнгө аясаар харилцдаг хосууд ханиад томуу гэх мэт халдварт өвчинд нэрвэгдэх магадлал өсөж, дархлаа нь унадаг аж. Зэвүүцэл нь хажууд байгаа нэгнийхээ тухай тухай сөрөг бодлыг урт удаан хугацаанд хадгалснаас үүдэн үүсдэг бөгөөд хос хоёрыг хоёуланг нь дотроос нь хордуулах аюултай. Зэвүүцэл бол та хоёрын харилцаа салалт руу дөхөж буйг илтгэх хамгийн тод дохионы нэг.

  1. Хамгаалалт

Гурав дахь ”морьтон” бол “хамгаалалт”. Ихэвчлэн бид хамгаалалтыг шүүмжлэлийн эсрэг хариу мэх болгон ашиглах нь бий. Бид бүгд л таагүй харилцааны үед өөрсдийгөө хамгаалах үйлдэл гаргадаг боловч харилцаа доголдох тусам бид өөрсдийгөө хамгаалахыг урьтал болгодог. Та хоёрын дунд үүсээд буй үл ойлголцолд та л ганцаараа шударга бусаар хэлмэгдэж байгаа мэт санагдан, өөрийгөө өмөөрөх ямар нэгэн шалтаг хайж хохирогчийн дүрд тоглож эхэлбэл хажуудах хүн тань дайрахаа болино гэж итгэдэг. Харамсалтай нь энэ арга барил бараг хэзээ ч бүтдэггүй. Харин ч эсрэгээрээ нөгөө хүнд тань та асуудлыг чухалчлан авч үзэхгүй, өөрсдийн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээлгүй бултаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.  Жишээлбэл: 

Асуулт: "Чи Бетти, Ралф хоёр руу залгаж өнөөдөр орой амласан ёсоор очих боломжгүй болсон гэдгээ хэлсэн үү?"

Хамгаалсан хариулт:  "Би өнөөдөр үнэхээр завгүй байлаа. Үнэндээ, чи намайг ямар завгүй байгааг мэдэж л байгаа шүү дээ. Яагаад чи залгаж болоогүй юм?"

Энэ хариулт өөрийгөө хамгаалаад зогсохгүй, хосдоо бурууг өгөх гэсэн оролдлого байгааг анзаарч байна уу? Энэхүү хамгаалсан хариултын оронд та өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч, хосынхоо хандлагыг ойлгох шаардлагатай.  Жишээлбэл: 

-"Өө яана аа, би мартчихаж. Би өдрийн турш их ажилтай байх тул өглөө чамд тэр хоёр руу залгахыг надад сануулаарай гэх байж. Миний буруу. Би яг одоо яръя."

Та ядарч бас довтлуулсан үедээ өөрийгөө хамгаалах нь ойлгомжтой ч хамгаалалт хэзээ ч таны хүссэн үр дүнг авчрахгүй. Та уучлал гуйж, буулт хийхгүйгээр улам өөрийгөө хамгаалах тусам та хоёрын маргаан улам даамжрах магадлалтай. Яг үнэндээ хамгаалалт гэдэг нь асуудлыг шийдэхээс илүүтэй хосоо буруутгах арга хэлбэр бөгөөд хэзээ ч маргааныг шийдвэрлэж, эрүүл харилцааг үүсгэж чадахгүй. 

  1. Чулуун хана босгох

Дөрөв дэх морьтон бол “чулуун хана босгох” юм. Ихэнхдээ хана босгох нь зэвүүцлийн хариу үйлдэл байдаг. Чулуун хана босгох гэдэг нь хамтрагчтайгаа харилцахыг хүсэхээ больж, бүхэлдээ унтарч, түүнд хариу үйлдэл үзүүлэхээ болихыг хэлнэ. Асуудалтайгаа нүүр тулахын оронд чулуун хана босгогчид харилцаанаас зугтаж, завгүй дүр эсгэж, өөр зүйлс оролддог.

Дээрх гурван морьтон удаан хугацааны туршид харилцаанд оршин тогтсоны улмаас хосууд хэтэрхий ядарч бие биенийхээ өмнө чулуун хана босгох муу зуршилтай болдог аж.  Харамсалтай нь, энэхүү зуршлыг устгах тун амаргүй. Чулуун хана босгох нь нэгэн төрлийн бие физиологийн хариу үйлдэл юм. Нэгнийхээ урд чулуун хана босгочихсон үедээ бид харилцаандаа оновчтой шийдвэр гаргаж чадвараа алддаг.  Хэрэв маргааны явцад танд хайртынхаа өмнө чулуун хана босгомоор мэдрэмж төрж байвал маргаанаа түр зогсоогоод, завсарлага авахыг зөвлөе. Жишээлбэл: 

-"Би хэтэрхий их уурласан байгаа учраас энэ сэдвээр ярилцаж чадахгүй нь. Хоёулаа түр завсарлага аваад дахин ярилцаж болох уу? Намайг тайвширсны дараа үргэлжлүүлэн ярилцахад илүү хялбар байна байх аа."

Та маргаанаас 20 минутын завсарлага авч (ном эсвэл сэтгүүл уншиж, алхаж, гүйж, тайтгаруулах зүйлийг хийж) өөрийгөө тайвшруулсны дараа асуудлаа эргэн ярилцах нь зүйтэй.

“Дөрвөн Морьтон”-ы ерөндөг

Маргаан дундаас “Дөрвөн Морьтон”-г анзаарч харах чадвар нь тэдгээрийг устгаж, хайрттайгаа илүү эрүүл, үр дүнтэй харилцах аргыг олох эхний алхам мөн боловч хангалттай биш гэдгийг мартуузай. Харилцааг сүйрүүлэгч маргааны хэлбэрүүдээс аль болох татгалзан харин түүний оронд  эрүүл, үр дүнтэй аргуудын тусламжтайгаар хостойгоо харилцахыг хичээгээрэй.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.