Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албан ёсны айлчлал эхэллээ
2022-08-09 13:27     279

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчилж байна. Өчигдөр орой Улаанбаатарт газардсан түүний айлчлал энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай уулзалт хийнэ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны дөрөвдүгээр сарын 30-нд Португал улсын Лиссабон хотноо төржээ. Тэрээр Португал улсын парламентын гишүүн, Европын зөвлөл дэх Португал улсын төлөөлөгч, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист интернационалын дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч юм.

Тэрээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Антонио Гутерреш нь манай улсад албан ёсны айлчлал хийж буй тав дахь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Хамгийн анх 1977 онд НҮБ-ын дөрөв дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм манай улсад айлчилсан түүхтэй. Түүний араас Хавьер Перес Де Куэльяр 19987 онд, Кофи Анан 2002 онд айлчилсан бол хамгийн сүүлд 2009 онд Бан Ги Мүүн Монгол Улсад айлчлаад байлаа. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын тэргүүнээр ажилласан зургаан эрхмийн тав нь ийнхүү манай улсад айлчлаад байна. Харин 1992-1996 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа ажилласан Бутрос Гали манай улсад айлчилж байгаагүй ажээ. "НҮБ-ын зургаа дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Египетийн нэртэй дипломатч Бутрос Гали "Монголд айлчлах чин хүсэлтэй байсан ч тойрч өнгөрөөд байсандаа их харамсдаг" гэж 2008 онд Каирт надад ярьж байсан нь миний санаанд тодхон байна" хэмээн судлаач, профессор Д.Баярхүү хэвлэлд өгсөн ярицлагадаа дурджээ.

Мөн судлаач, профессор Д.Баярхүү НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монголд хийж буй айлчлалын ач холбогдлын талаар хэлэхдээ "Ардчиллын жилүүдэд өмнөх хоёр айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар хэрэгжиж байсан бол энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хэрэгжиж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн даргын айлчлалыг Төрийн тэргүүний түвшинд хүлээн авч байгаагаараа онцлог. Хамгийн гол нь манай гадаад бодлого маш идэвхтэй сайн байгаагийн илэрхийлэл. Гадаад бодлогын бүх чиглэлд тэнцвэрийг маш сайн хадгалж барьж байгаагийн илэрхийлэл болов уу. Тэнцвэр хадгална гэдгийг юу гэж ойлгож байна гэхлээр  хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцаа тэнцвэржсэн, хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байна. Мөн олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын харилцааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гэж үзэж байна. Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэлтэй мэдрэмж төрж байгаагаа нуух юун. Энэ бол манай улсын олон талт дипломат бодлогын нэг ёсны ялалт гэж үзэхээр юм. Ковидын хоёр жилийн хүндрэл, олон улсын харилцааны сорилт, дараа нь залгуулаад хойд хөрш нь хөрш Украинтайгаа цэргийн ноцтой мөргөлдөөнд оролцож байгаагаас үүдэлтэй нэг ёсны олон улсын хямрал, өмнөд хөрш нь Тайванийн хоолойд мөн маш ноцтой сорилттой тулгарч байгаа энэ цаг үед Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэгч, прагматик гадаад бодлогоо тууштай, ухаалгаар явуулж байгааг үнэлсэн хэрэг гэж дүгнэсэн ч болно" гэжээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.