Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-5°C
Нийгэм
Н.Учрал: НДШ-ийн 4%-ийг хувийн тэтгэвэрт хуримтлуулснаар 30 жилийн дараа 76 сая төгрөгтэй болно
2020-05-13 17:56     548

УИХ-ын дарга тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн тэтгэврийн системийг хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх агуулга бүхий Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал "Тэтгэвэр авч буй иргэдийн 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байна. Тэтгэвэр нэмэх болон бусад асуудлыг сонгуулийн үеэр шоу маягаар хэрэгжүүлж ирснийг хуульчлахаар төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэврийн даатгалын санд ногдох 17 хувийн шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэвэртээ зориулсан хуримтлалд шилжүүлэх эрхийг нээж өгч байна. Хуримтлалд хүү, өгөөж тооцогдож өсч байх зохицуулалтыг тусгасан. 

Тухайлбал 800 мянган төгрөгийн цалинтай хүн сар бүр нийгмийн даатгалд төлдөг НДШ-ийн 4 хувийг хувийн тэтгэврийн санд байршуулснаар 30 жилийн дараа 76825902 төгрөгийн хадгаламжтай болоод зогсохгүй, сар бүр 777 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломж бүрдэнэ" гэлээ.

 
Өөрөөр хэлбэл одоо 800 мянган төгрөгийн цалинтай иргэн 414 мянга орчим төгрөгийн тэтгэвэр тогтоолгохоор байгаа бол хуулийн төслийн дагуу 777 мянга орчим төгрөгийг улсаас болон хувийн тэтгэврийн сангаас авах боломжтой болох юм байна. 

Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааран урт хугацаанд өсөх бөгөөд өөрчлөлт оруулснаар тэтгэвэрт гарах иргэн улсаас тэтгэвэр авч, хувийн тэтгэврийн хуримтлалаасаа давхар тэтгэвэр тогтоолгож, хоёр эх үүсвэрээс орлоготой болох боломжтой. Мөн шаардлага үүссэн буюу нэг удаа орон байрныг нөхцөлөө дээшлүүлэх, эмнэлгийн тусламж авахад хуримтлалаасаа тодорхой хувийг урьдчилж авах заалтыг ч тусгажээ. 

Тухайн иргэн цаг бусаар өнгөрвөл хуримтлалыг нэр заасан иргэн болон үр хүүхдэд нь өвлүүлнэ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.