Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
14°C
Эдийн засаг
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар боллоо
2020-08-10 13:45     367

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг зургаан сар царцаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр болсон Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Тэрээр “Мөнгөний бодлогын хорооны хурлаас хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөлт хийх хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ нь Мөнгөний бодлогын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд гаргасан шийдвэрийн үргэлжлэл бөгөөд үүний хүрээнд 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон.

Цар тахалтай холбоотойгоор өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө болон зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болно” гэлээ. 

Хэрэглээний зээлийг өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг.

Харин  ипотекийн зээлийн эргэн төлөлтийг өмнө нь гаргасан шийдвэрийн хүрээнд хийнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэв. Тэрээр “Өнгөрсөн хавар ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, зээлийн төлөлтөө зургаан сарын хугацаагаар хойшлуулж болно. Харин зээлээ төлөөд явбал зээлийн хүүг наймаас зургаан хувь болгож бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд явна” гэлээ.  

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.