Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
4°C
Эдийн засаг
Бодлогын хүүг дахин бууруулж, 8 хувь болголоо
2020-09-14 16:18     587

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр (2020.09.14) хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 8 хувь болгох шийдвэр гаргажээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тус хорооны хурлын шийдвэрийг танилцуулж байна.

Тэрбээр “Мөнгөний бодлогын хороо энэхүү шийдвэрийг гаргахдаа эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдал ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тогтворгүй байдал, эрсдэл зэргийг харгалзан үзсэн.  Энэхүү шийдвэрийг гаргаснаар арилжааны банкуудын зах зээлд нийлүүлж буй зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн хүүгийн бууруултыг зохистой түвшинд хангах, 2020 оны наймдугаар сард батлагдсан зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд түлхэц болно гэж үзлээ. Мөн эдийн засгийн сэргэлтийг дэмжих үндсэн зорилготой. Жилийн инфляци 2020 оны наймдугаар сард улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1,7 хувь хүрч буурсан. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч өнөөгийн бага түвшинд хадгалагдах, ирэх жилүүдэд Төв банкны зорилтот түвшингээс давахааргүй төлөвтэй байна.

Эдийн засаг цар тахлын шокийн нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жил тохиолдоогүй хамгийн өндөр агшилт болж байна.  Гэвч сангийн болон санхүүгийн зохистой зохицуулалт, макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, эргэн сэргэх төлөвтэй байна. Эхний хагас жилд дэлхийн эдийн засаг унасны дараагаар гуравдугаар улиралд сэргэлт бий болж эдийн засгийн суурь бүтэц тогтворжих хандлагатай байна. Хөрөнгийн зах зээлийн үнэ, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны идэвхжил зэргээс бүрэн харагдаж байна. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн цаашдын төлөв вириусийн тархалтыг хяналтдаа авахаас бүрэн хамаарч байгаа тул тодорхой бус байдал цаашид үргэлжлэх хандлагатай.

Цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч, мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлж, дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад төв банк өөрийн бодлогын хэрэгслүүдээр дамжуулж дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Мөнгөний болон макро зохистой бодлогоор банк, өрх, аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг шат дараалан авч байгаа. Түүнчлэн Засгийн газраас дамжуулан хөрөнгө оруулалт болон өрхийн орлогыг дэмжих сангийн бодлогыг хэрэгжүүлэн эдийн засгийн идэвжилтийг Төв банкын зүгээс дэмжиж ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.