Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-5°C
Дэлхий дахинд
АНУ, Канадад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэллээ
2020-12-15 19:11     340

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг энэ сарын 11-ний өдөр “Pfizer/BioNTech” компанийн боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакциныг яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Тэгвэл тус улс 50 муж улсууд руугаа вакциныг хүргэж, өчигдөр /2020.12.14/ эхний ээлжийн хүмүүст вакциныг хийж эхэлжээ.

Эхний ээлжинд халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцогдож буй эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдаж байгаа ба “Pfizer/BioNTech” компанийн вакциныг хийлгэсэн эхний америк хүн Нью-Йорк мужийн сувилагч Сандра Линдсей болсон байна. Тэрбээр “Биеийн байдал сайн байна. Цар тахал дэгдсэн энэ үед дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж буй эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлмээр байна. Вакцинжуулалт бол хүнд цаг үеийг даван туулах эхлэл”  хэмээн ярьжээ.

АНУ даяар энэ долоо хоногт 2.9 сая орчим тун вакциныг түгээх бөгөөд энэ нь 1.45 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэнэ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Алекс Азарын ярьснаар он дуутал 20 сая хүнийг, нэгдүгээр сарын эцэс гэхэд 50 сая хүнийг дархлаажуулах вакцинтай болно гэж тооцоолжээ. АНУ нь мөн дараагийн зөвшөөрлийг “Moderna” компанийн вакцинд олгох асуудлыг хэлэлцэж байгаа юм. “Pfizer/BioNTech”-ийн вакциныг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрсөн өөр нэг улс бол Канад билээ. АНУ-ын өмнөхөн уг вакцинд зөвшөөрөл олгосон тус улс мөн Даваа гаригт /2020.12.14/  вакцинжуулалтаа эхлүүллээ.

Нийслэл Оттава хотод вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд Торонто дахь “Рекай” асрах газрын туслах ажилтан Анита Куиданген Сovid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн анхны хүмүүсийн нэг болжээ. Түүнтэй хамт өөр дөрвөн хүн вакцин хийлгэсэн нь бүгд эмнэлгийн ажилтнууд гэнэ.  Анита Куиданген " Энэ бол нэр төрийн хэрэг. Маш их баярлалаа. Би цаашид ажлаа итгэлтэйгээр үргэлжлүүлэн хийх болно" хэмээн ярьжээ.

Канадын Засгийн газар саяхан “Pfizer/BioNTech” компаниудтай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж, энэ сард 249,000 тунг авахаар болжээ. Гэхдээ ихэнх канадчууд вакцин хийлгэх бодолгүй байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Тус улс өөр зургаан вакцин үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд дахин гурван вакцинийг судалж байгаа аж.

Эх сурвалж: CNN, BB

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.