Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
5°C
Эдийн засаг
ББСБ-д зээлээ төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй
2020-12-23 17:32     369

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 24 дэх удаагийн буюу энэ оны сүүлчийн хуралдаан өнөөдөр боллоо. Коронавирус /Covid-19-/ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж хөл хорио тогтоогоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч Хороо салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол, хугацаанд нь хуралдуулж ажиллалаа.   

“Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа

Өнөөдрийн хуралдаанаар нийт 35 асуудал үүний дотор цаг үеийн хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тухайлбал, Хорооны 2019 оны дөрөвдүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номинал дансны зохицуулалттай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж шууд бус хэлбэрийн дансны тогтолцоог нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дотоодын зах зээлд татах, үйлчилгээний шимтгэл, хураамжийг бууруулах, үнэт цаасны зах зээлийн хөрвүүлэх чадварын түвшинг дээшлүүлэхэд шаардлагатай үнэт цаас зээлдэх, зээлдүүлэх харилцаа бий болно.  

Мөн “Мандал даатгал”, “Бодь даатгал” ХК-иудын томоохон хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тусгаарлалтаас чөлөөлөх, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Райнос инвестмент ҮЦК” ХХК-д үнэт цаасны зах зээлд диллерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгох, УИХ-аас баталсан 2020 оны 21 дүгээр тогтоол “Зээлийн хүүг бууруулах стратеги”-тай уялдуулж “Инвескор актив ТЗК” ХХК-аас гаргасан автомашины зээлийн багцаар баталгаажсан үнэт цаасны хүүг 16.4-14.4 хувь буюу 2 пунктээр буулгахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн “Сүү” ХК-ийн олон нийтэд санал болгохоор нэмж гаргасан хувьцааг танилцуулах, анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах хугацааг “Covid-19” халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс ажлын 20 хоногоор сунгахаар шийдвэрлэлээ.  

Зээлээ төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй

Хуралдаанаар коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын үед банк бус санхүүгийн байгууллагуудад хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд “Банк бус санхүүгийн байгууллагуудын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-д оруулсан өөрчлөлт буюу зээлдэгч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, шинэчлэн байгуулах, зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд 90 хүртэл хоногийн хугацаанд ангилал буурахгүй байх нөхцөлийг Хорооноос 2020 оныг дуустал бүрдүүлээд байсан бол энэхүү хугацааг 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сунгахаар шийдвэрлэлээ.

Мөн “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон журам”-ыг баталлаа. Ингэснээр үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдаж салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөхөд, гишүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг эрхлэн явуулах боломж бүрдэнэ. Хороо нь журамд заасан нөхцөл, шаардлага хангасан мэргэжлийн нэг холбоотой хамтран ажиллах бөгөөд холбооны гишүүнчлэл, удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд тавигдах шалгуур, үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг дээрх журмаар зохицуулна. 

Мөн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 11 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 7 компани, 4 хуулийн этгээдэд харин даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, гадаад валютын арилжаа, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн хоёр хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон тусгай зөвшөөрлийнх нь хугацааг сунгахаар шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-д нэмэлт өөрчлөлт оруулахын сацуу “Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам”-д түр хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.  

24 удаагийн хуралдаанаар нийт 664 асуудал шийдвэрлэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны ээлжит нийт 24 удаагийн хуралдаанаар зохицуулалтын салбарын санхүүгийн компаниуд, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах, зохицуулах зорилгоор 664 асуудлыг цаг тухай бүрт нь хэлэлцэж шийдвэрлэхийн зэрэгцээ “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”, “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”,  “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам” зэрэг нийт 15 журам, заавар зэрэг бодлогын баримт бичиг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. 2020 онд хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудаар нийтдээ 1,050 тогтоол гарчээ

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.