Өнөөдөр
2021/07/27
Доллар (USD)
2,848.77
Улаанбаатар
25°C
Эдийн засаг
“CENTURY” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ӨРИЙН ДАХИН САНХҮҮЖИЛТИЙГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ
2021-07-15 16:11     12

Монголбанк бондын хэлэлцээрт хамтран ажиллахдаа КОВИД-19 цар тахлын нөлөө, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй мөнгө санхүү, сангийн бодлогын арга хэмжээ, түүний үр нөлөө, эдийн засгийн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн “CENTURY” төслийн хүрээнд арилжаалсан 1 тэрбум ам.долларын бонд нь манай улсын ирэх хоёр жилийн хугацаанд хүлээгдэж байсан гадаад өрийн үндсэн төлбөрийг хойшлуулж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн богино хугацааны эрсдэлийг бууруулж, хөрвөх чадварыг сайжруулж байна. Уг бондын арилжаагаар 2022 онд төлөгдөх 799 сая ам.долларын үлдэгдэл төлбөртэй “ЧИНГИС” бонд, 2023 онд төлөгдөх 800 сая ам.долларын “ГЭРЭГЭ” бондуудыг хэсэгчлэн дахин санхүүжүүлж, 2022-2023 онд МОНГОЛ УЛСААС ГАРАХААР ХҮЛЭЭГДЭЖ БАЙСАН ВАЛЮТЫН ТӨЛБӨРИЙГ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР буурууллаа. Энэхүү дахин санхүүжилт нь КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг түргэсгэх бодлогыг хэрэгжүүлж буй үед Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар, валютын урсгалд чухал дэмжлэг болж байна.  

Олон улсын хөрөнгө оруулагчид түүхэн бага хүүгээр гаргасан урт хугацаатай бондоор “ЧИНГИС”, “ГЭРЭГЭ” бондыг дахин санхүүжүүлэх хэлцэлд орсон нь хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг илтгэж байна. Монгол Улсын Засгийн газар, Төв банкнаас сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудтай нийцэж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн зэрэгцээ улсын зээлжих зэрэглэл сайжрахад нөлөөлнө гэж харж байна. Ийнхүү гадаад өрийн удирдлага, стратеги сайжирснаар сүүлийн жилүүдэд томоохон дүнтэй бондуудыг бага хүүгээр амжилттай арилжаалах замаар Засгийн газрын өндөр хүүтэй бондыг дахин санхүүжүүлж, гадаад өрийн төлбөрийн дарамтыг бууруулж байна.

Цаашид Монгол Улсын нэр хүндийг олон улсын санхүүгийн зах зээл дээр өндөрт хадгалах, өрийн удирдлагын стратегийг амжилттай хэрэгжүүлэн гадаад өрийн дарамтыг бууруулах чиглэлээр Монголбанкны зүгээс Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.