Өнөөдөр
2024/05/13
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
12°C
Улс төр
Н.Алтанхуяг: Ажлын хэсэг байгуулаад биднийг хулхидчихлаа
2021-05-27 12:23     305

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулснаар тэд өлсгөлөнгөө зогсоосон юм.

Тухайн үед ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн "УБЕГ-ын албан тушаалтнууд АН-ын тамганы асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэхийг хянаж шалгахаар боллоо. Мөн Дээд шүүхийн Тамгын газраас гаргасан улс төрийн намын лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг үнэлж дүгнэнэ. Гуравдугаарт СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мэдээлэл сонсохоор боллоо. Дөрөвдүгээрт, АН-ын бүлэг АТГ-т хандаж УБЕГ-ын зарим албан тушаалтныг шалгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл авна. Ажлын хэсэг ийм төлөвлөгөө баталсан" гэсэн юм. Гэвч энэхүү ажлын хэсэг хуралдахгүй байгаа гэдгийг Н.Алтанхуяг гишүүн чуулганы хуралдааны эхэнд хэллээ.

Тэрээр "Талбай дээр АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Гудамж, талбайд биш УИХ-ынхаа танхимд асуудлаа шийдэхээр ажлын хэсэг байгуулсан. Гэтэл энэ ажлын хэсгийн ажил урагшлахгүй байна. 20 гаруй хонож байхад ганц хоёрхон удаа хуралдсан болоод өнгөрлөө. Биднийг хулхидаж байгаа юм байна гэж харсан. Ажлын хэсгийн ажлын үр дүнг УИХ-аар хэлэлцүүлмээр байна. Ямар албан тушаалтан ямар хууль дүрмийг зөрчсөн бэ гэдгийг сонсох нь зүйтэй гэж бодож байна. Бид хэн нэгэн хүнийг нэр дэвшүүлэхийн төлөө, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаагүй. Харин нэг намын захиалгаар төрийн байгууллагууд хууль зөрчиж байгааг эсэргүүцсэн" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд хариулт өгөхдөө "Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил өнөө маргаашгүй ажлын хэсгээ хуралдуулж энэ асуудлыг шийд. Гэхдээ хуралдах гэхээр танай намынхан цуглахгүй байгаа тухай мэдээлэл өгсөн шүү" гэв.

 
 
 
Эх сэрвалж: Eagle.mn
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.