Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
5°C
Нийгэм
Өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв.
2023-12-19 21:48     194

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. 

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Аймгуудын мэдээллээр 5.1 сая толгой малыг хүнсэнд, 12.1 сая толгой малыг зах зээлд нийлүүлэх, нийтдээ 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр судалгаа ирүүлжээ. Энэ нь нийт малын 21.5 хувь, 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцэж байгаа аж.

Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон, хүйтний эрч улам чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл тогтох зэргээс үүдэн 2023-2024 оны өвөлжилт асар хүнд байгаа, хаваржилт нэн хүндрэх төлөвтэй байна гэдэг мэдээллийг танилцууллаа. Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд нэн их, их, 26 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул цас их орсон аймгуудын малчдад малаа ангилж ялгах, шаардлагатай хэрэгцээнд нөөцлөх уриалга гаргажээ. Үүсээд байгаа нөхцөл нь малчид, Засгийн газар хоорондоо шийдэхэд хүндрэлтэй байгаа тул орон даяар малчдад туслах аян эхлүүлсэн гэв. 

Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулав. Комиссын 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар орон нутаг руу шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, малчдын бэлтгэсэн махыг зах зээлийн эргэлтэд оруулах, малын тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдэд илүү ойртуулах, мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүрэг чиглэлийг салбарын яамдад өгч, хэрэгжилтийг ханган, хяналт тавьж, гүйцэтгэлийг дүгнэн ажиллаж байгаа гэлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгаа аж.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.