Өнөөдөр
2024/12/05
Доллар (USD)
Улаанбаатар
-17°C
Эдийн засаг
ЗӨВХӨН орлого нь буурсан ААН-ийн НДШ-ийг 6 сараар чөлөөлнө
2020-04-17 21:28     1476

Монгол Улсын Засгийн газраас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар  2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. 

Ингэснээр аж ахуй нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас ажилтнуудынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэл учирч байна. Мөн ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байгаагаас айл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэл, хүндрэлийг авчирч байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын саналаар энэ сарын 10-ны өдөр УИХ-аас үйл ажиллагаа нь доголдож орлого буурч байгаа боловч ажлын байраа хадгалж, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь ирүүлсэн зарим аж ахуй нэгж байгууллагын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуй нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200.000 төгрөгийн дэмжлэгийг 3 сарын хугацаанд үзүүлэхээр хуульчлан батлуулсан. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж тус хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг яаралтай горимоор хэлэлцүүлэн батлав.

Журам ёсоор мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн хүртэлх зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын нэгэн хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг дараах байдлаар зохицуулахаар боллоо.  

-  Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ээс  бусад ААН, Төрийн бус байгууллагуудыг зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлнө

-  Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуулийг хамруулна 

-  Сайн дураар даатгал төлөгчийг хамруулна 

-  Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН, байгууллагын ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Ажилтан болон ажил олгогчдыг НДШ төлөлтөөс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээс дундчилж төлснөөр тооцон дэвтэрт нь бичилт хийнэ. Сайн дураар даатгал төлөгчдийн бичилтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно. Харин даатгуулагч үл зөвшөөрсөн тохиолдолд зөрүүг нэмж төлөн төлөлтөө өндөр дүнгээр бичүүлэх эрх нээлттэй үлдэж байна. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулж хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ХНХ-ын сайдад үүрэг болгов.

Урьдчилсан тооцооллоор тус хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45,3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг тэдний НДШ-ийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл
MOGEUH 2020-04-19 19:34202.9.46.58
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.