Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
3°C
Эдийн засаг
"13 улсаас 4.6 сая евро, 3.9 сая доллар оруулж ирсэн хэргийг шалгаж байна"
2021-08-16 13:07     330

Цагдаагийн ерөнхий газраас гадаадын хөрөнгө оруулалттай компаниар дамжуулан мөнгө угаасан гэх мэдээллийн талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч Бэлгүүдэй "Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай "АБ Блүүс" компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн тухай мэдээллийг 2020 оны нэгдүгээр сарын 11-нээс хойш шалгаж байна. Тухайн компани нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй боловч 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан зэрэг 13 улсаас олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийтдээ 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ мөнгийг Монголд оруулж ирсэн даруйдаа 7.8 тэрбум төгрөгтэй тэнцэхийг нь БНХАУ, БНСУ зэрэг 11 улс руу шилжүүлсэн нь тогтоогдсон. Эдгээр үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн тус компанийн арилжааны банкуудад байршуулж, гадаад гүйлгээ хийхээр захиалга өгсөн 10 орчим тэрбум төгрөг 2020 оны нэгдүгээр сарын 13-нд прокурорын зөвшөөрөлтэйгөөр хязгаарласан. 

"АБ Блүүс" компанийг Латви улсын иргэн 2018 оны дөрөвдүгээр сард гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр байгуулсан. Тухайн иргэн нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй. Монголд орж ирсэн мөнгөний эх үүсвэрийг нь тогтоох зорилгоор долоон улс орон руу хүсэлтээ илгээсэн. Одоогийн байдлаар гурван улсаас нь хариу ирсэн.

Энэ хэрэгт холбогдуулан иргэн М-ийн гэр болон ажлын байранд энэ сарын 12-нд нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр олон тооны хүрэн баавгай, шилүүс зэрэг нэн ховор амьтны жагсаалтад орсон амьтны эд эрхтэн олдсон. Энэ нь хууль бусаар ан агнах хэрэг учраас Экологийн цагдаагийн алба шалгаж байгаа. Иргэн М нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, зарим албан тушаалтнуудад нөлөөлөх оролдлого хийсэн учраас нэг сарын хугацаагаар цагдан хориод байна" гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.