Өнөөдөр
2021/09/21
Доллар (USD)
2,849.20
Улаанбаатар
3°C
Нийгэм
С.Наранцогт: Энэ онд нийслэлийн тендер шалгаруулалттай холбоотой есөн гомдол ирсэн. Есүүлээ хууль зөрчсөн байсан
2021-09-07 14:41     18

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тус яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд нарын хамт өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өчигдөр буюу есдүгээр сарын 6-нд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 30 автобусны тендер зарласан боловч Сангийн яамныхан, ТНБД С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруул, эс бөгөөс АТГ-т өгнө. Өөрсдийн ашиг сонирхолтой компани шалгаруулах, санхүү мөнгөний хүсэл сонирхолтой. Сүүлийн 30 жилд ингэж ирсэн мэтээр ярьсан. Үүнд тайлбар өгөхийг зорилоо" гэдгээ эхэнд нь хэлсэн юм.

Сангийн яамнаас нийслэлийн ЗДТГ-т явуулсан албан бичигт дээр дурдсан өгүүлбэр, АТГ-т шалгуулах талаар ямар ч өгүүлбэр байхгүй гэдгийг тэрбээр хэлээд "Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 55.1-д заасны дагуу тендерт оролцогч компани Сангийн яаманд гомдол гаргасан тохиолдолд манай хариуцсан улсын байцаагч тухайн тендерийн материалтай танилцаад дүгнэлтийг гаргадаг. Түүнийг нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс болон Хууль, эрх зүйн газар хянаж, албажуулаад явуулдаг. 

Уг тендерийн талаар товч мэдээлэл өгвөл, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх Нийтийн тээврийн парк шинэчлэлт төсөл арга хэмжээний хүрээнд 60 автобус худалдах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, тус тендерт долоон компани оролцсон байна. Захиалагчаас "Сүлдэр хаан минералс" гэж компанийг шалгаруулсан. Дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу тендерт оролцсон долоон компанийн гурав нь 18 зүйлээр Сангийн яаманд гомдол гаргасан. 

Тендерийн цахим систем буюу мэдээлэл ил тод болсноор эдгээр компани өөрсдөө оролцсон компаниудын мэдээлэлтэй гомдлоо гаргаж байгаа. Тиймээс гомдол гаргалаа гээд албан тушаалтны хүслээр худал зүйлийг үнэн болгож бичих ямар ч боломжгүй. Үүнийг систем рүү ороод үзэж болно. 

Эдгээр 18 зүйлийн шаардлага хангахгүй гэсэн гомдлыг СЯ-ны улсын байцаагч шалгахад 6 шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн. 

Тухайлбал, автобус нийлүүлсэн туршлагагүй, өөрийн эзэмшлийн засварын төвтэй байх шаардлага хангаагүй, хамтарч оролцож байгаа Хятадын компани шаардсан материалыг дутуу ирүүлсэн гэх мэт. "Нууц гэрээгээр машин механизм нийлүүлсэн" гэсэн тайлбар албан бичигт байгаа. 

Сүүлийн үед Сангийн яам төсвийн реформын хүрээнд төсөв үр ашигтай байх ёстой гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа. 

Тодорхой нэр бүхий уул уурхайн ТӨК-ийн санхүүжүүлж байгаа, тодорхой төслүүд дээр сүүлийн жилүүдэд нэлээд олон нууц, шууд гэрээнүүд байгуулагдсан байдаг. Сангийн яамны албан ёсны байр суурь бол зарчмын хувьд буруу гэж үзэж байгаа. 

Татвар төлөгчдийн мөнгө, нийтийн баялгаас олсон мөнгөөр хэдхэн хүн нууцаар, шууд гэрээ хийж болохгүй. Татварын мөнгө, ТӨК-уудын зарцуулалт олон нийтэд нээлттэй байх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа, ялангуяа худалдан авах ажиллагаа нээлттэй шударга явагдах ёстой гэсэн байр суурийг баримталж тодорхой хуулийн өөрчлөлтүүд оруулаад худалдан авах ажиллагаа нээлттэй болсон. 

Автобус нийлүүлэгдэхгүй байгаа хариуцлагыг хэн хүлээх тухай яригдсан байгаа. Нийслэл өөрөө захиалагч, тендерийн бичиг баримтад тавигдах шаардлагаа боловсруулдаг, хуулийн бүх эрх өөрт нь байгаа. Тиймээс хуулийн дагуу худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаад нэн шаардлагатай байгаа автобусаа нийлүүлэх нь захиалагчийн хариуцлага юм. 

  • 2020 онд нийслэлийн тендертэй холбоотой 22 гомдол ирсэн. 16 нь хууль зөрчсөн тендер шалгаруулалт байсан.
  • 2021 оны гуравдугаар улирлын байдлаар нийслэлийн тендер шалгаруулалттай холбоотой 9 гомдол ирсэн. Есүүлээ хууль зөрчсөн байсан.

Тиймээс нийслэл худалдан авах ажиллагаагаа хуулийн дагуу, зөв шударга явуулах шаардлагатай" гэлээ.

 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.