Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
8°C
Нийгэм
АМГТГ: Шатахууны хомсдол үүсэж, үнэ нэмэгдэхгүй
2021-09-07 14:45     337

Ням гарагаас эхлэн АИ-92 шатахууны хомсдол Улаанбаатар болон Дархан, Эрдэнэтэд үүссэн. Улсын хэмжээнд шатахууны хориод хоногийн нөөцтэй хэдий ч зарим ШТС-ууд АИ-92 шатахуунд хязгаарлалт тогтоосон. Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Ням гарагийн оройноос хойш шатахуун түгээх станцуудаар АИ92 бензин сурагласан хүн олон байсан. Энэ өдрүүдэд үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар өгөхгүй юу?

-Орхон, Дархан-уул аймгуудад зарим ШТС-уудад хязгаарлалт хийгдсэн. Үүний дагуу зохих арга хэмжээг аваад одоо нөхцөл байдал хэвийн болсон. Харин Улаанбаатар хотын зарим шатахуун түгээх станцуудад засварын ажилтай байсан гэх шалтгаанаар хязгаарлалт хийсэн. Одоо байдал хэвийн болсон. Есдүгээр сараас ОХУ-аас импортоор орж ирж буй бензин дээр бага хэмжээний хязгаарлалт орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор “CHINA OIL” компаниас бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, өмнө хийсэн татан авалтыг сайжруулах чиглэлд ажиллаж байна.

-Манай улс шатахууны хэд хоногийн нөөцтэй байгаа вэ?

-Долоо хоног бүрийн мягмар гарагт Ашигт малтмал газрын тосны газарт аж ахуйн нэгжүүд  импортоор орж ирсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үлдэгдлийн хэмжээг өгдөг. Шатахууны нөөц улсын хэмжээнд хэвийн байна. Тодруулбал, АИ 92 бензиний 20 орчим хоногийн нөөцтэй. Дараа дараагийн татан авалтыг хийж, таслахгүй байхаар ажиллаж байна.

-Дахиж ийм хязгаарлалт үүсэхгүй байх тал дээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Аж ахуйн нэгжүүд ямар нэг шалтгааны улмаас хязгаарлалт хийхээр бол заавал АМГТГ-т мэдэгдэх шаардлагатай. Ахиж ийм хязаарлалт хийхгүй байх талаар аж ахуйн нэгжүүдтэй ярилцсан. Шатахууны хомсдол үүсэж, үнэ нэмэгдэхгүй учраас иргэдийг тайван байхыг хүсье. Буруу мэдээлэлтэйгээсээ болоод банк дүүргэлт хийх, нөөцлөх зэрэг асуудал гаргахгүй байх хэрэгтэй.

-Шатахууны хомсдол үүсгэхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Импортоор орж ирж буй нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг дизель түлш эзэлдэг. Дизель түлшний 65 орчим хувийг бөөн, 35 орчим хувийг жижиглэнгийн худалдаа эзэлж байна.  Харин нийт импортын 30 орчим хувийг АИ 92 бензин эзэлж байна. Үүний 70 хувийг жижиглэнгийн худалдаа эзэлдэг  учраас төрийн зүгээс жижиглэнгийн худалдааны 92-ын үнэд хяналт тавьж, тохируулга хийж ажилладаг.

Монгол улс бензин, тосны хувьд 100 хувь хараат улс. Бензиний үнийн өсөлт нь гадаад зах зээлийн үнийн өсөлт болон ам долларын төгрөгтэй харьцах үнийн өсөлтөөс шууд хамаардаг. Жил гаруйн хугацаанд долларын ханш харьцангүй тогтвортой байсан. 2020 оны дөрөвдүгээр сард брент маркийн газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 19.5 ам.доллар байсан бол зургаадугаар сараас хойш тасралтгүй өссөөр өнөөдрийн байдлаар 1 баррель тосны үнэ 72-73 ам.доллар болсон. Гадаад зах зээлээ дагаад дотоодод ч өсөлт явж байна. Бид гадаад зах зээлийн үнэ буух үед буулгаад, өсөх үед зах зээлээ дагаад өсгөж, зарчмын хүрээнд ажиллаж байна. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9-ээр заалтын дагуу хяналт тавин ажилладаг.

-Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор олон улсын эдийн засаг тогтворгүй савлалттай байна. Энэ нь шатахууны үнэд яаж нөлөөлж байна вэ? Бензиний үнэ нэмэгдэх үү?

Арваад хоногийн өмнө нэг баррель тосны үнэ 63 ам.долларт хүрч буурсан. Гэвч долоо ч хонолгүй эргээд өсөж, 70 гаруй ам.долларт хүрсэн. Есдүгээр сарын нэгэнд ОПЕК-ийн хурал болж өдрийн олборлолтын хэмжээг 400 мянган баррелиар нэмэгдүүлнэ гэсэн шийдвэрээ үргэлжлүүлэхээр болсон юм. Үүний  гол санаа нь он дуустал барелль тосны үнийг 100 ам долларт хүргэхгүй байхад чиглэж байна. Аравдугаар сарын эхэн хүртэл бензиний үнэ нэмэгдэхгүй, огцом өсөлт ажиглагдахгүй гэж харж байна.

 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.