Өнөөдөр
2024/05/15
Доллар (USD)
3,381.57
Улаанбаатар
10°C
Нийгэм
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 373.0 тэрбум төгрөг шаардагдана
2022-01-08 00:36     297

Манай улс бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг 2020 оны 1 дүгээр сараас зогсоож, хичээл, сургалтыг 2 жил зайн, цахим хэлбэрээр зохион байгуулсныг тодотгоод ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх нийт өдрийн 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62.5-68.0 хувийг тус тус зайн, цахим хэлбэрээр гэр бүлийн орчинд суралцсан. 

Танхимын сургалт зайн, цахим хэлбэрт шилжсэн хугацаанд боловсрол, сургалтын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим баримтлан 5,756 теле хичээл, 104 интерактив хичээл, 2,775 цахим хичээл, 50 цахим контент, радио болон аудио 30 хичээлийг тус тус бэлтгэн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор дохионы хэл, тува, казах хэлний орчуулгатайгаар телевиз, радиогоор дамжуулан хүргэх ажлыг телевизүүдийн холбоо, хувийн хэвшил болон олон улсын байгууллага (Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан)-тай хамтран зохион байгууллаа. Мөн теле хичээлүүдийг онлайн хэлбэрээр www.econtent.edu.mn сайтад байршуулснаар сурагчдыг хүссэн үедээ хичээлээ нөхөж болон давтан үзэх боломжоор хангасан.

Цар тахлын үед төгсөх ангийн сурагчдын хичээл, сургалтад тусгайлан анхаарч, тэдэнд зориулсан онлайн сургалтын талбарыг үүсгэн цахим хичээлийг улсын хэмжээнд X-XII ангид хичээл зааж байгаа шилдэг 602 багш удирдаж, хот, хөдөөгийн сургуулийн ахлах ангийн 30.1 мянган сурагч онлайн хичээлд хамрагдсан.

Зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэхэд багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг дэмжихэд бүх талын оролцоо, дэмжлэг чухал байсан. Гэхдээ хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, амьдрах хэв маягаас шалтгаалан зайн, цахим хичээлийн хүртээмж, чанар бидний бодсон шиг байж чадсангүй. Тухайлбал, эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн 178,5 мянган сургуулийн хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн.  

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаа”-гаар сурагчдын 76,8 хувь нь сэтгэл зовнилтой байна, 6-13 насны хүүхдүүд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлаас, сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул энэхүү айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэж судалгаанд дурдагдсан байна.

Хоцрогдлыг нөхөх арга хэмжээг 3R буюу эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн 3 шатлалтайгаар 2021-2023 онд хэрэгжүүлэх юм. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 373.0 тэрбум төгрөг шаардагдана.

Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны 9 дүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг 2021 оны 10 дугаар сард тус тус зохион байгууллаа. Энэ үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин  50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд 36 хувьтай байна. 

2022-2023 оны энэ хичээлийн жилийн өмнөх жилүүдээс илүү онцлогтой, боловсролын салбарт чанарын өөрчлөлт авчрах жил байна. Суралцагчдад хоцрогдлоо нөхөх, сургалтын тэгш боломжийг нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэхэд боловсролын цахим шилжилт, боловсрол, сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэл, үр дүнд суурилсан төсвийн шинэчлэл, чанар, гүйцэтгэлийн үнэлгээний үндэсний тогтолцоо, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөр,  хөдөө, орон нутгийн сургуулийн орчныг сайжруулах ариун цэврийн орчин үеийн байгууламж нь 2022-2023 оны хичээлийн жилийн онцлогийг тодорхойлох арга хэмжээнүүд юм.

 

Эх сурвалж: Parliament.mn

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.