Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
15°C
Эдийн засаг
ББСБ-ын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин өсөж, нийт зээлийн үлдэгдэл ₮2 их наядад хүрчээ
2022-03-01 09:35     257

Банк бус санхүүгийн байгууллагуудын 2021 оны жилийн эцсийн тайланг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргажээ. 

 

Өнгөрсөн онд нийт 534 ББСБ тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт харилцагчдын давхардсан тоогоор өмнөх он мөн үеэс 69.5% өсөж 4.8 саяд хүрчээ. Харин зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөж 1.7 сая болсон байна. Энэхүү огцом өсөлтийг аппликэйшн ашиглан бага дүнтэй богино хугацаатай зээл олгодог ББСБ-уудын тоо өссөнтэй холбон тайлбарласан байна.

ББСБ-уудын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 703.1 тэрбум төгрөгөөр буюу 35% өсөж 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 6.6%-тай тэнцжээ. Активын өсөлтийн

  • 97.5 хувийг нийт зээлийн өсөлт бүрдүүлж байгаа бол 
  • пассивын өсөлтийн 49.6 хувийг өөрийн хөрөнгийн өсөлт, 50.4 хувийг өр төлбөрийн өсөлт бүрдүүлжээ. 

Зураг 1. Ашигт ажиллагааны үзүүлэлт /тэрбум төгрөгөөр/

 
Эх сурвалж: СЗХ

Сүүлийн 5 жилийн активын үзүүлэлтийг харвал салбарын нийт актив 2017 оны мөн үед 969.2 тэрбум төгрөг байсан бол 2021 оны жилийн эцсийн байдлаар 2.8 дахин өсөж 2.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь цэвэр зээлийн үлдэгдэл 2.3 дахин өссөнтэй холбоотой.

Нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 51.6% буюу 685.1 тэрбум төгрөгөөр өсөж 2021 оны жилийн эцсийн байдлаар ₮2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнд 114.7 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулж, 1.9 их наяд төгрөгийн цэвэр зээлийн үлдэгдэлтэй гарсан байна.

Тайлант улиралд ББСБ-ууд ₮3 их наяд төгрөгийн зээлийг 2.7 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр олгож, 2.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 2021 оны жилийн эцсийн байдлаар 1,678,139 зээлдэгчийн ₮2 их наядын зээлийн үлдэгдэлтэй гарчээ.

ББСБ-ын хүүгийн бус орлого 40% буюу 24.9 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийт зээлийн үлдэгдлийн 

  • 90.5 хувийг буюу 1,821.9 тэрбум төгрөгийг хэвийн зээл,
  • 2.5 хувийг буюу 50.0 тэрбум төгрөгийг анхаарал хандуулах зээл, 
  • 7 хувийг буюу 140.2 тэрбум төгрөгийг чанаргүй зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Зураг 2. Зээлийн багцын чанар /хувиар/

 
Эх сурвалж: СЗХ

Олгосон зээлийн 91.5% буюу 2.8 их наяд төгрөгийн зээлийг иргэдэд, 8.5% буюу 257.5 тэрбум төгрөгийн зээлийг хуулийн этгээдэд олгосон байгаа бол 91.3% буюу 2.1 их наяд төгрөг нь иргэдээс, 8.7% нь буюу 202.8 тэрбум төгрөг нь хуулийн этгээдээс эргэн төлөгдсөн байна.

Нийт зээлийн ангиллаас харахад иргэнд олгосон зээлийн 66.6 хувийг хэрэглээнд, үүний 16.9 хувийг автомашинд зориулсан зээл бүрдүүлэв. Хуулийн этгээдэд олгосон зээлийн 7.4 хувийг бизнесийн зээл бүрдүүлж байна.

Хуримтлагдсан ашиг өмнөх оны мөн үеэс 41.5% буюу 165.2 тэрбум төгрөгөөр өсөж 563.3 тэрбум төгрөгт хүрчээ.

2021 оны жилийн эцсийн байдлаар 440 ББСБ 213.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 10 ББСБ үйл ажиллагаа эрхлээгүй, 84 ББСБ 3.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Зураг 3. Хуримтлагдсан ашиг/алдагдал /тэрбум төгрөгөөр/

 
Эх сурвалж: СЗХ

Өмнөх оны мөн үеэс хамгийн их өөрчлөлт орсон үзүүлэлтийг харвал орлогын хувьд хүүгийн бус орлого 40% буюу 24.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтийн 54.5 хувийг санхүүгийн үйлчилгээний орлогын бусад орлогын өсөлт, 62.4 хувийг үйлчилгээний хураамж шимтгэлийн орлогын өсөлт бүрдүүлж байна.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.