Өнөөдөр
2024/05/01
Доллар (USD)
3,377.03
Улаанбаатар
8°C
Нийгэм
Хөвсгөл аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ
2022-09-09 12:59     213

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 189км, Улаан-Уул сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т өчигдөр 21:02 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай дуудлага мэдээлэл 21:07 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим шууданд ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн үед иргэн та дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй. 

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хоргодох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
  • Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  • Гал гаргаж болохгүй
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  • Цахилгаанаа яаран бүү залга
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.