Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
15°C
Эдийн засаг
“МОНГОЛ УЛС - ЯПОН УЛС”, “МОНГОЛ УЛС - АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛС” ДУРСГАЛЫН ЗООС ГАРГАВ
2022-11-17 10:23     270

Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн дагуу аливаа түүхт ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос гаргадаг. Энэ жил Монгол Улс Япон Улсын хооронд болон Монгол Улс Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож буй бөгөөд илүү тодорхой хэлбэл, Монгол Улс, Япон Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр, Монгол Улс, Австралийн Холбооны улс мөн оны есдүгээр сарын 15-ны өдөр тус тус албан ёсоор дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Тэгвэл энэхүү ойг тохиолдуулан Монголбанк дээрх хоёр улсын Элчин сайдын яамдтай хамтран дурсгалын зоос гаргалаа.

Уг дурсгалын зоос нь 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5 грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөөр хийгдсэн, 150х65 мм-ийн хэмжээтэй, ялтсан мөнгөн дэвсгэрт бүхий хийцтэй, өнгөт дурсгалын зоос юм. Дэлхий дахинд техник, технологи хөгжихийн хэрээр дурсгалын зоосыг зөвхөн зоосны хэлбэртэй, уламжлалт байдлаар бус төрөл бүрийн хийц, өнгө загвараар хийх болсон. Тэгвэл энэ жишгээр Монголбанкнаас “Монгол Улс - Япон Улс”, “Монгол Улс - Австралийн Холбооны Улс” дурсгалын зоосыг захиалахдаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн нэг болох ялтсан мөнгөн дэвсгэртийн хэлбэртэйг сонгож үйлдвэрлүүлсэн нь онцлог боллоо. 

Дурсгалын зоосны нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Кобаяши Хироюки, Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Кэйти Эйнсли Смит болон албаны бусад төлөөлөл оролцов.

Монголбанк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоосыг нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй, алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж эхэлсэн. Үүнээс хойш эх орныхоо болон хүн төрөлхтний түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, спортын амжилт, онцлог үйл явдал зэрэгт зориулан төрөл бүрийн дурсгалын зоосыг гаргасаар иржээ.

Монголбанкнаас гаргадаг дурсгалын зоосны талаарх мэдээллийг та coin.mongolbank.mn цахим хуудаснаас аваарай.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.