Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
13°C
Улс төр
Намын даалгавар биелүүлсэн Б.Батзоригийг чөлөөлбөл үлдсэн 48 ч өргөдлөө өг
2020-04-15 20:56     401

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын гишүүн Б.Батзоригийн өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнийг чөлөөлөхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр хэрэв түүнийг чөлөөлбөл Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлд нэр холбогдсон үлдсэн 48 гишүүн ч бас өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улсын Үндсэн хуульд УИХ нь 76 гишүүнтэй байна гэж заасан. Өнөөдөр 76-аас эхлээд нэг нь явсан, дараа нь дахиад нэг нь одоо нэг нь явбал 73 болно. Ямар хэцүү юм бэ?

Би Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байна. Учир нь энэ хүн танай намын даалгаврыг биелүүлсэн. Танай намынхан энэ хүнээр бүдүүлгээр хэлбэл бохир бариулсан. ЖДҮХС-ийн зээлийг УИХ-ын 49 гишүүн тэр дундаа өөрсдийгөө шударга гэж ярьдаг нөхөд авсан. Авлигатай тэмцэх газар хуулийг сонголттой хэрэглэж, ноолоход амраар нь Б.Батзоригийг оролдож байна. Жинхэнэ удирдсан, авсан хүмүүсээ шийдээгүй. Тэр өнцгөөр харвал нэг мөр шийдвэл яасан юм бэ.

Сонгууль болно, ард түмэн та нарт саналаа өгөхгүй шүү дээ. Засаглах үедээ засаглаж чадаагүй, борооны дараах мөөг шиг нэг нэгээр нь алдаж байна. Сонгууль хийж нөхөе гэсэн танай нам хийгээгүй. Сонгууль ч хийдэггүй, хүнээ алдаад байна гэдэг харамсалтай. УИХ-ын дархлаа алга.

Би энэ хүний хийж байгаа зүйл зөв, буруу, гэм буруугүй гэж хэлэхгүй. Яагаад авч үлдэх гээд байна гэхээр нэгийг нь явуулаад үлдсэн 48 маань яасан тайван амгалан байх юм бэ. Нэг нөхрөөрөө туг тахиж явуулчихаад ичихгүй юу. Хэрэв энэ хүнийг явуулж байгаа бол ичиж үхээрэй. Энэ хүн шорондоо яваг, бид шударга ёс яриад хууль сууж байна гэж байгаа юм уу. 950 саяын нөхөд хамтдаа өргөдлөө өг эсвэл энэ хүнээ үлдээгээд сонгуулиар дүнгээ тавиулъя” гэсэн юм.

Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбоотойгоор асуулт асуух, үг хэлэх хүн түүнээс өөр байсангүй. Ингээд нууц санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 хүний 10 нь дэмжсэнээр түүний өргөдлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Б.Батзориг энэ сарын 3-ны өдөр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. ХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр буруутгаад байгаа бөгөөд шүүх хурал дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болно.

Тэрбээр өргөдлөө өгснийхөө дараа өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар “Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь уучлаарай” гэсэн юм.

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.