Өнөөдөр
2024/04/29
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
9°C
Эрүүл мэнд
"Бурхан андууд" эмнэлэгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Н.Энхбаяр: Хүнд дараах гурван зүйлс дутагдвал эмгэг өвчин үүсэх суурь болдог.
2020-02-12 17:44     1662

Сүүлийн үед хүүхдийн ямар өвчлөл ихсэх хандлагатай байна вэ?

-Амьсгалын замын цочмог халдвар, хүмүүсийн энгийн хэлдгээр ханиадны өвчлөл өндөр байгаа. Амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгчдийн дийлэнх хувь нь 0-5 нас буюу нярай, бага насны хүүхэд байна.

-Нярай болон бага насны хүүхэд амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөхөд голлон юу нөлөөлж байна вэ?

-Хамгийн гол нь 0-5 насны хүүхдүүдийн амьсгалын замын бүтэц, үйл ажиллагааны онцлог байдаг. Энэ насны хүүхдүүд амьсгалын замын бүтцийн дутмаг хөгжилтэй байхаас гадна дархлааны хамгаалах чадвар сул байдаг юм. Үүнтэй холбоотойгоор амьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий болж, богино хугацаанд хүндрэл үүсч, амь насанд аюултай нөхцөл байдалд ордог. Дархлаа хамгаалах тогтолцооны ихэнх нь дөрвөн нас хүртэл хөгжиж гүйцдэг. Хүүхдийн дархлаа тогтож, бактери, гадаад орчны бохирдол, утаа зэрэг янз бүрийн хортой байдлаас өөрийгөө хамгаалж байх ёстой. Ер нь хүүхдийн эрүүл мэндэд нэгдүгээрт, агаарын бохирдол, хоёрт, хүнсний аюулгүй байдал алдагдсан, гуравт, хөрсний бохирдол голлон нөлөөлж байна.

-Агаарын бохирдол, хөрсний бохирдлоос сэргийлэхэд зөвхөн эцэг эхийн анхаарал хангалтгүй. Төрийн хэмжээнд зохицуулж болох ямар арга байна. Таны хувьд ямар боломж байна гэж хардаг вэ?

-Манай улс ядаж л гурван зүйлийг төрийн хэмжээнд шийдэх ёстой. Хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээр нь дамжуулан хүнсэнд агуулагдах эрдэс бодисын дутагдлыг арилгадаг олон улсын жишиг бий. Үүгээр дамжуулан олон төрлийн өвчнөөс сэргийлж болдог. Өвдсөн хойно нь биш, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь олон улсын хэмжээнд чухал асуудалд тооцогддог. Жишээлбэл, давсыг иоджуулж хэрэглэснээр олон улсад маш хүнд өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан. Гэхдээ иодыг их хэмжээгээр хэрэглэж болдоггүй. Маш бага хэмжээгээр өдөр тутам иодыг хүнсээр авч байх ёстой. Ингэвэл хүүхэд оюун ухааны хомсдол, сэтгэцийн гажиг, аутизмын өвчин, бамбай булчирхайн өвчин, элэгний өвчлөлөөс сэргийлдэг.

Хоёр дахь гол эрдэс нь төмөр юм. Манай монголчуудын 98.9 хувь нь төмөр дутагдлын цус багатай. Манайханд махаа сайн идэх эсвэл гурилан бүтээгдэхүүнийг төмөржүүлээд идэх арга байж болно. Төмрийг өдөр тутамдаа маш хэмжээгээр хэрэглэснээр хүний оюун ухаан сэргэг, царай цоглог байж, үс, хумс, хугарч, гэмтэхгүй байх, амархан ядрахгүй байх, дүрсхийж уурлахгүй байхаас гадна оюун ухааны чадамж сайжирдаг. Харин хүүхдийн өсөлтийн өсөлт хөжилт сайжирч, шүд нь хугацаандаа бат бөх сайн урган, хугацаандаа хөлд орж, хэлд сайн орохоос гадна сэтгэхүйн хөгжил нь сайжирдаг, ханиаданд өртөмтгий байдал арилдаг гэсэн эерэг нөлөөтэй.

Гурав дахь гол эрдэс нь кальци юм. Кальциа хангалттай авахын тулд аль болох органик сүүг уух ёстой. Кальцийг хангалттай авч чадаагүйгээс сахарын өвчтэй болж, хүүхэд ханиад, уушгины хатгаа тусч байна. Иймд үнээний сүүг тусгай аргаар боловсруулсан цэвэр сүү байнга нийлүүлэх хэрэгтэй. Ялангуяа хүүхэд кальцитай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр рахит буюу сульдаа өвчнөөс сэргийлэх үндсэн суурь болдог. Сульдаа өвчнөөс сэргийлж чадвал хүүхэд амьсгалын замын цочмог халдварт өртөх магадлал төдий чинээ багасч, янз бүрийн эмийн хэрэглээг хязгаарлах бүрэн боломжтой. Кальци сайн уусан хүүхэд яагаад сульдаа өвчнөөс сэргийлдэг вэ гэхээр сульдаа өвчнийг үүсгэдэг гол шалтгаан нь витамин D-ийн дутагдал байдаг. Биед хангалттай хэмжээний кальци байснаар витамин D хангалттай шимэгддэг. Тэгэхээр кальцийн дутагдалтай бол витамин D нь шимэгддэггүй гэсэн үг. Тиймд кальци нь гурав дахь гол эрдэс учраас кальциар баяжуулсан сүүгээр хүн амыг хангаж байж олон өвчлөл ялангуяа амьсгалын замын цочмог халдвараас сэргийлж чадах юм.

-Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ямар аргын тал дээр Та юу хэлэх вэ?

-Хүүхдийн дархлааг маш сайн дэмжих нь зүйтэй. Мөн утаа гойд ихэсдэг өглөө, оройн цагуудад хүүхдээ гадаа гаргахгүй байх, цонхоо онгойлгохгүй байх л хэрэгтэй.

-Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо дөрвөн нас хүртлээ гүйцэд бүрэлдэн тогтдог гэсэн. Тэгвэл хүүхдийн дархлаа бүрэн тогтох хүртэл эцэг, эхийн зүгээс юу хийх нь зүйтэй вэ?

-Хүүхдийг гурван нас хүртэл ээж нь гэртээ харах хууль гарсан. Энэ хуулийн дагуу эх нь хүүхдээ асрах хэрэгтэй. Өөрийн гараар хоол ундыг нь бэлдэж, хүүхдийнхээ арчилгаа сувилгааг өөрөө хийж байх ёстой. Мөн хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг багаас нь зөв оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй.

-Таны хувьд эцэг эхчүүд хүүхдээ эрүүл саруул төрүүлж, өсгөхөд юу дутагдаж байна гэж харж байна вэ?

-Хүүхдийг эрүүл өсгөе гэвэл гэр бүл төлөвлөлтөөс эхлэх ёстой. Мөн эцэг, эхчүүд эрүүл мэндийн боловсролтой байх хэрэгтэй байна. Хүмүүст наад захын эрүүл мэндийн боловсрол, мэдлэг дутаад байгаа юм. Тухайлбал, хүүхэдтэй болоход нэгдүгээрт өөрсдөө эрүүл байх ёстой гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна. Хүүхэдтэй болохоос өмнө шинжилгээ өгч, эрүүл хүүхэд төрүүлэх эсэхдээ анхаарах нь нэн чухал. Гэтэл хүмүүс цоо эрүүл хүн шиг үзүүлж харуулахгүй явж байгаад төрөх үед биед нь байсан вирус идэвхжих тохиолдол гардаг. Жишээлбэл, хүүхдийн уруул, тагнай сэтэрхий төрөх, тархинд харвалттай төрөх тохиолдол элбэг гардаг. Тэгэхээр хүүхдээ эрүүл саруул өсгөхийн тулд эцэг эх өөрсдөө эрүүл байх ёстой. Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө. Эрүүл төрсөн хүүхэд ханиад буюу вирусийн халдвараар өвчилж, хүндрэл өгөх эрсдэл маш бага байдаг.

-Ханиад буюу вирусийн халдварт антибиотик уух нь бий. Гэтэл антибиотикийг нянгийн гаралтай өвчинд уудаг. Вирусийн гаралтай өвчинд уухгүй гэдэг. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Одоогийн байдлаар 20 гаруй мянган вирусийн халдвар гэж шинжлэх ухаан батлаад байгаа. Вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Мөн вирусийн халдварыг антибиотикоор эмчлэхгүй. Антибиотик хэрэглэх эрин үе дууссан. Антибиотик хэрэглэхийн оронд өөрсдийн биеийн суурь дархлааг сайн эмчил гэж хэлмээр байна. Гэхдээ антибиотикийг зөв цагтаа хэрэглэвэл эмчилгээ болно. Антибиотикийг хэрэглэхэд нарийн мэргэжлийн эмч эмчилгээг зохистой, зөв тооцож, шинжлэх ёстой. Манайхан ханиад хүрэх юм уу, ямар нэг өвчинд эм уух ёстой гэсэн ойлголт байна. Гэтэл эмийг заавал уух ёстой биш. Хэрвээ зайлшгүй нөхцөлд уух шаардлага гарвал нарийн мэргэжлийн эмчээр тодорхойлуулж байж уух ёстой. Манай улс шиг булан болгондоо аптектай, эмийг хоол унд шиг уудаг улс өөр хаана ч байхгүй. Энэ сэтгэлгээнээсээ салах ёстой.

-Ханиад хүрвэл антибиотик хэрэглэхийн оронд дархлаагаа дэмжих хэрэгтэй юм байна. Тэгвэл хүүхдийн дархлааг хэрхэн сайжруулах вэ?

-Хүүхдийн дархлааг бууруулж, гэмтээдэг элдэв янзын хүнс авч өгөхгүй байх хэрэгтэй. Мөн үйлдвэр органик сүү хэрэглэж, гэрийн хоол идүүлж сурга. Гэрийн бантан, гурилтай хоол хүүхдэдээ идүүлнэ гэсэн үг. Хүүхдэдээ бэлэн бүтээгдэхүүн бус хоол бэлдэж өгөх нь чухал. Өвлийн улиралд хүүхдэдээ аарц, аньс, чацаргана уулгах нь зөв. Гэхдээ худалдааны бус аарц, чацаргана, аньс авч уулгах нь хэрэгтэй байна. Худалдааны бүтээгдэхүүний найрлага баталгаатай бус. Сүүлийн үед хүнсэнд хордсон хүүхэд ирэх нь нэмэгдэж байна.

-Хамгийн сүүлд нь эцэг эхчүүддээ хандаж юу гэж зөвлөж, захих вэ?

-Хүүхдийн өвчлөлөөс сэргийлье гэвэл чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх юм. Хамгийн гол нь эрүүл хооллолт, асаргаа маш чухал. Хүүхдээ зун цагт хотоос аль болох хол зайд агаарт гаргаж, хүүхдийг эрүүлжүүлэх хэрэгтэй. Хувь хүн гэр бүлүүд хүнсний асуудлаа зөв шийдээсэй. Мөн хүүхдээ багаас нь эмчид үзүүлж, зөвлөмж зааврыг авч, хүүхдээ эрүүлжүүл гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.