Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
16°C
Нийгэм
ТАГНУУЛЫН АЖИЛТНУУД ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭГДЛЭЭ
2021-02-04 00:04     334

Тагнуулын байгууллагын ажилтнууд нийлж манай улсын харьяат Н.Пүрэвдаш, ОХУ-ын иргэн Ю.Ю.Горшков нарыг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан. ТЕГ-ын тусгай бүлгийн ажилтнууд болох М.Мөнхцогт, Ц.Намжилцогт, Г.Доржсүрэн, Я.Баярсайхан, Б.Төгөлдөр, Т.Лхагвасүрэн нар дээрх хоёр хүнээс 50 000 ам.доллар, 2500 евро дээрэмдсэн хэрэгт холбогдсон бөгөөд ЭЦА, тагнуулын байгууллагынхантай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж дээрх хүмүүсийг илрүүлсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 17.2-2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, дээрэмдэж авсан уг мөнгөө валют арилжааны төвд солиулж, өр зээлээ төлсөн, автомашин худалдаж авсан нь дээрх хуулийн 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан үйлдэл гэж дүгнэн гэм буруутайд тооцсон байна. Ингэхдээ “Бурхан халдун” группийн захирал Н.Мөнхдаш, иргэн Д.Одбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэг цугласан болон хэргийн газарт үлдээсэн, тагнуулын байгууллагын дансанд бүртгэлтэй эд зүйл зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж шүүгч нар дүгнэжээ. 
Улмаар шүүгдэгч зургаан хүн Н.Пүрэвдаш, Ю.Ю.Горшков нарт учруулсан хохирлоо төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, эрүүгийн хариуцлага ногдуулах хурлыг өчигдөр 15.30 цагт хийхээр хойшлуулаад байв. Уг хуралд улсын яллагчаар оролцсон НПГ-ын хяналтын прокурорууд шүүгдэгчдэд дөрвөөс дээш жил хорих ял шийтгэх санал гаргасан гэх мэдээлэл бидэнд ирсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ц.Намжилцогтод таван жил найман сар, Б.Төгөлдөрт дөрвөн жил найман сар, Г.Доржсүрэнд гурван жил найман сар, Т.Лхагвасүрэнд гурван жил зургаан сар, М.Мөнхцогт, Я.Баярсайхан нарт гурван жил хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.