Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
11°C
Улс төр
​Я.Санжмятав: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр сунгахгүй бол УИХ тарах нөхцөл рүү орно
2021-04-29 15:56     391

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг асуулт асууж, үг хэлж байна.  

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Үндсэн хуулийн Цэцтэй хуйвалдсан гэсэнтэй санал нийлэхгүй. Цагаан дээр хараар зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Цэц дээр үүнийг өөрөөр тайлбарлуулах гэж нөлөө үзүүлсэн. Энэ Үндсэн хуулийг Ерөнхийлөгч өөрөө батламжилсан. Бид Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломж олгоё гээд энэ заалтыг 2025 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлье гэж оруулж ирсэн. Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд нэн даруй хэрэгжүүлье гэдэг санал тавиад үүнийг нь Ерөнхийлөгч өөрөө зөвшөөрч батламжилсан. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авснаар Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр болдог. Ингэснээр Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт хориг тавьж байна гэсэн үг. Ингэж болдог юм уу. Ерөнхийлөгч цөөнхтэй нийлээд олонхын эрхэд халдах жишиг тогтоож байна. УИХ-ын томилгоонд л Ерөнхийлөгч хориг тавьж болдог юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: УИХ-ын зарим гишүүн тухайн үед өөрчлөлт хэлэлцэх үед хүлээн зөвшөөрсөн гэж байна. Гэтэл С.Бямбацогт дарга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших нь нээлттэй гэж байсан. Гэтэл өнөөдөр энэ хүн яагаад дэвших боломжгүй болчихдог юм бэ.

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат: Цэц дүгнэлтээ гаргаж УИХ-д ирүүлсэн. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгч үүнд хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ заавал хэлэлцэнэ. Өнөөдөр ТББ-ын хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд одоо УИХ хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд: УИХ-ын 72 дугаар тогтоол гэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад оролцсон гол ажлын хэсэг. Би энэ ажлын хэсэгт байсан. Энэ ажлын хэсэг дээр нэг удаа зургаан жилээр сонгогдох концепцыг оруулж ирж баталсан. Нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэсэн заалт. Гэтэл хөндлөнгөөс гомдол гаргаад Цэц УИХ буруу шийдвэр гаргасан гэсэн шийдвэр гаргасан. Харин Ерөнхийлөгч УИХ өөрийнхөө баталсан хуулийг хамгаалаасай гэж үзэж хориг тавьсан. Хугацаа хэвээрээ үлдсэн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрх дөрвөн жил гэдгээр байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Цэцийн бага суудлын хуралдаан юу болсон бэ. Тийм хурал болсон юм уу, үгүй юм уу. Хууль тогтоогчид Цэц болчихсон юм уу, нэг нам болчихсон юм уу. Хуульд тийм заалт оруулаагүй байна гэж Цэц шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Үндсэн хуульд зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Үүнд ямар нэгэн хаалт нээх, цэг, таслал байхгүй.

УИХ-ын гишүүн  ТББХ-ны дарга Ж.Мөнхбат: Цэцийн бага, дунд суудлын хуралдаанаа хийгээд дүгнэлтээ УИХ-д ирүүлсэн. Энэ дүгнэлтийг УИХ хүлээж авсан. УИХ нэгэнт ийм шийдвэр гаргасан учраас процесс хуулийн дагуу үргэлжлээд явж байна. УИХ-аас баталсан тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Цэцийн дүгнэлт дээр хориг тавьж болохгүй гэдэг асуудлыг зарим УИХ-ын гишүүн байнгын хорооны хуралдаан дээр илэрхийлсэн. Цаашдаа үүнийг хуульд илүү тодорхой болгох асуудал ч яригдсан.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: Бага суудлын хуралдаан дээр цөөнх болчихоод хурлаа хаяад гарсан Цэцийн гишүүнийг дахиад дунд суудлын хуралдааныг даргалуулдаг нь Цэц өөрөө зөрчлийг бий болгосон. Үүнийг УИХ онцгойлон авч үзэх ёстой. Одбаяр гарын үсгээ зураагүй гараад явсан. Одбаяраар л туг тахьчихлаа. Намраас чөлөөлөөд Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн. Хоёрт, нэгэнт зургаан жилээр гэж байгаа бол дахиж хоёр жилээр сунгах асуудалд УИХ орчихож байна. Хууль батлаад хэрэгжүүлж байгаа юм бол дөрвөн жил болсон, тавдугаар сарын 15-аас хугацаа нь дуусч байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр сунгаж өгөхгүй бол Үндсэн хуулиа зөрчиж, УИХ тарах нөхцөл байдал руу орно.

Эх сурвалж: Itoim.mn

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.