Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
10°C
Эдийн засаг
Монголын эдийн засаг 2021 онд алгуур сэргэж, 4.8 хувиар өснө
2021-04-29 16:53     342

Азийн хөгжлийн банк өнөөдөр "Азийн хөгжлийн төлөв" тайлангаа танилцууллаа. Тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2021 онд алгуур сэргэж, 2022 онд цар тахлын эрсдэл буурахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт сайжирснаар эдийн засгийн өсөлт хурдсах чиг хандлагатай байна. Тухайлбал, эдийн засаг 2021 онд 4.8 хувиар өсөн дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсөж, сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд өсөлт 5.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байна. Гэхдээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц болон урсгал тэнцлийн алдагдал өсөх, түлш шатахууны үнэ, валютын ханш, бараа, үйлчилгээний импортын зардал нэмэгдэж болзошгүй байгааг санууллаа. 

Тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “ Энэ хүнд цаг үед Монгол Улсын иргэдийн эрүүл мэндэд учрах аюулыг бууруулахын тулд цар тахлын менежментийг илүү үр дүнтэй хэрэгжүүлж, вакцины хангамж, нийлүүлэлтийг яаралтай баталгаажуулах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ Монгол Улс цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахын тулд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, улсын төсвийн болон өрийн үзүүлэлтүүдийг сайжруулж тэнцвэртэй байдлыг нь хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь чухал" гэлээ.

Түүнчлэн Монголын эдийн засаг энэ онд 4.8 хувиар өсөхөд өмнөд хөршийн эдийн засгаа дэмжих бодлогын үр дүн болон дотоодод хэрэгжүүлж буй 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд олгож буй дотоод зээлийн өсөлт, цар тахлын нөхцөл байдал голлон нөлөөлж байгааг АХБ цохон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.